"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, January 18, 2015

Итгэл

 Итгэл гэж юу вэ?
 Бид үргэлж хэн нэгэн, юунд ч юм итгэж найдаж явдаг. Өөртөө итгэх итгэл маш их хүчийг авчирч, амьдралд хүссэн бүхнээ биелэнэ хэмээн итгэх нь урам зориг хайрлана. Алдагдсан итгэл эргэн ирэхэд өмнө минь гэрэл гэгээ харагдаж, юунд ч үл нугарах сэтгэлийн тэнхээг олж байсан юм миний амьдрал. Хань ижил, үр хүүхэд эргэн тойрныхоо бүхий л дотны хүмүүст итгэх нь маш амархан байдаг. Бараг шууд л итгэдэг.  Энэ нь биднээс эргэлзээ бараг шаарддаггүй гэхэд болно. Тэгэхээр итгэл гэдэг нь сэтгэлийн асар их хүч байдаг ч тэр итгэлээрээ бид асар өндөрт нисэж чадах ч тэр өндрөөс унах үед яах бол? Энэ нь хэдий чинээ өндрөөс унана төдий чинээ хатуу, хүнд, хэцүү байх болно. Амьдрах хүсэлгүй болтол нь унагаах нь ч бий.
Бид таньж мэдэхгүй ч юм уу, бага зэрэг таних хүмүүст шууд итгэх нь маш ховор. Би чадна хэмээн өөртөө итгэх ч чадахгүй байх нь ч байдаг. Тэгвэл итгэлийн маань цаадах үр дүн зорьж байсанд маань хүрэх үү? Өөртөө ч бай, өрөөлд ч бай итгэхдээ алдахгүйн тулд яах вэ? Энэ нь цаашдын замыг маань гэрэлтэй, гэгээтэй байлгах зайлшгүй чухал зүйл байгаа биз?
Сударт: Итгэх эрдэм- сэтгэх, магадлах, найдах БӨӨ ЭР КҮ-тэй хурц гурван ЧУКУР-тай.
Энэ нь тархиар хийгдэх үйлдэл нь харагдаж байна. Бид итгэх найдах гэж ярьдаг. Гэтэл сэтгэх магадлах гэдгээ орхигдуулчихдаг юм биш үү?
Сударт: Бусдын алдаа надаас болдог Хохирол нь намайг хорлодог гэжээ.
Буруугаа бид өөрөөсөө хайж, өөрөөсөө асуух болж таарав. Бид сэтгээгүйнхээ төлөө, магадлаагүйнхээ төлөө өөрөө өөрийгөө болон бусдыг хохироодог болж таарлаа.
Ах дүү амраг садан ер нь хэнбугайд ч бай шууд л итгэхээсээ өмнө бодох нь бас л хэрэгтэй бололтой. Үгүй бол энэ нь аль альд нь хохирол болох тал бийг харуулж байна. Бидэнд ийм жишээ захаас аваад зөндөө л байдаг.
Тэгвэл сэтгэх, магадлах гэдэг маань мааш чухал болж таарав. Түүнгүйгээр итгэл гэж үгүй хэлчихвэл болохоор юм шигээ? Та юу гэж бодно вэ?
Итгэлийг маань алдахгүй нэгэн байж болох  ч сэтгээд магадлаад найдчихвал сэтгэл дүүрэн байх билээ.
Сударт: Би байвч чи үгүйд өнчин гэжээ. Ихэр элгэн мэт андууд Итгэл дунд сум тавихгүй  гэнэ.
Өнчирч ганцаардахыг хэн хүсэх вэ? Бид орчлонгийн жамаар хамтаар амьдарч, найзалж нөхөрлөн, түмэн олонтойгоо, өнөр олуулаа, сэтгэл дүүрэн байхын тулд хэн хэндээ итгэж найдах нь өмнөх замаа өөдрөгөөр харах мэлмий юм болов уу.Тиймд энэ хамтдаа урагшлан дүүлэх итгэлийг дүүргэх найдвараа үл гээхийн төлөө өнөөдөр магад үнэнээр сэтгэх нь зүйтэй юм байна гэж ухан бодном.
Тэгвэл үнэний зам мөр маань бидний итгэл юм болов уу?
Бид хүүхдүүдээ итгэж, тэд маань ээж аавдаа итгэн, эмээ өвөө, ах дүүс, садан төрөл гээд л бүгд л итгэл сэтгэл гэдгээр холбогдон анд нөхдүүд, танил олон ч бие биентэйгээ итгэл хэмээх үл үзэгдэх холбоосоор холбогдон байдаг билээ. Иймд тэрхүү холбоосоо улам бэхжүүлэх нь гагцхүү өөрсдөөс маань шалтгаалж байгааг ухаарах нь зүй болов уу.
Нэгэнт итгэл найдвар тавихын өмнө  магадлан шалган түүний дараа хэрхэхээ сэтгэн бодох нь бас л чухал Эр ДЭМ болох нь.            

No comments:

Post a Comment