"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, January 18, 2015

Итгэл

 Итгэл гэж юу вэ?
 Бид үргэлж хэн нэгэн, юунд ч юм итгэж найдаж явдаг. Өөртөө итгэх итгэл маш их хүчийг авчирч, амьдралд хүссэн бүхнээ биелэнэ хэмээн итгэх нь урам зориг хайрлана. Алдагдсан итгэл эргэн ирэхэд өмнө минь гэрэл гэгээ харагдаж, юунд ч үл нугарах сэтгэлийн тэнхээг олж байсан юм миний амьдрал. Хань ижил, үр хүүхэд эргэн тойрныхоо бүхий л дотны хүмүүст итгэх нь маш амархан байдаг. Бараг шууд л итгэдэг.  Энэ нь биднээс эргэлзээ бараг шаарддаггүй гэхэд болно. Тэгэхээр итгэл гэдэг нь сэтгэлийн асар их хүч байдаг ч тэр итгэлээрээ бид асар өндөрт нисэж чадах ч тэр өндрөөс унах үед яах бол? Энэ нь хэдий чинээ өндрөөс унана төдий чинээ хатуу, хүнд, хэцүү байх болно. Амьдрах хүсэлгүй болтол нь унагаах нь ч бий.
Бид таньж мэдэхгүй ч юм уу, бага зэрэг таних хүмүүст шууд итгэх нь маш ховор. Би чадна хэмээн өөртөө итгэх ч чадахгүй байх нь ч байдаг. Тэгвэл итгэлийн маань цаадах үр дүн зорьж байсанд маань хүрэх үү? Өөртөө ч бай, өрөөлд ч бай итгэхдээ алдахгүйн тулд яах вэ? Энэ нь цаашдын замыг маань гэрэлтэй, гэгээтэй байлгах зайлшгүй чухал зүйл байгаа биз?
Сударт: Итгэх эрдэм- сэтгэх, магадлах, найдах БӨӨ ЭР КҮ-тэй хурц гурван ЧУКУР-тай.
Энэ нь тархиар хийгдэх үйлдэл нь харагдаж байна. Бид итгэх найдах гэж ярьдаг. Гэтэл сэтгэх магадлах гэдгээ орхигдуулчихдаг юм биш үү?
Сударт: Бусдын алдаа надаас болдог Хохирол нь намайг хорлодог гэжээ.
Буруугаа бид өөрөөсөө хайж, өөрөөсөө асуух болж таарав. Бид сэтгээгүйнхээ төлөө, магадлаагүйнхээ төлөө өөрөө өөрийгөө болон бусдыг хохироодог болж таарлаа.
Ах дүү амраг садан ер нь хэнбугайд ч бай шууд л итгэхээсээ өмнө бодох нь бас л хэрэгтэй бололтой. Үгүй бол энэ нь аль альд нь хохирол болох тал бийг харуулж байна. Бидэнд ийм жишээ захаас аваад зөндөө л байдаг.
Тэгвэл сэтгэх, магадлах гэдэг маань мааш чухал болж таарав. Түүнгүйгээр итгэл гэж үгүй хэлчихвэл болохоор юм шигээ? Та юу гэж бодно вэ?
Итгэлийг маань алдахгүй нэгэн байж болох  ч сэтгээд магадлаад найдчихвал сэтгэл дүүрэн байх билээ.
Сударт: Би байвч чи үгүйд өнчин гэжээ. Ихэр элгэн мэт андууд Итгэл дунд сум тавихгүй  гэнэ.
Өнчирч ганцаардахыг хэн хүсэх вэ? Бид орчлонгийн жамаар хамтаар амьдарч, найзалж нөхөрлөн, түмэн олонтойгоо, өнөр олуулаа, сэтгэл дүүрэн байхын тулд хэн хэндээ итгэж найдах нь өмнөх замаа өөдрөгөөр харах мэлмий юм болов уу.Тиймд энэ хамтдаа урагшлан дүүлэх итгэлийг дүүргэх найдвараа үл гээхийн төлөө өнөөдөр магад үнэнээр сэтгэх нь зүйтэй юм байна гэж ухан бодном.
Тэгвэл үнэний зам мөр маань бидний итгэл юм болов уу?
Бид хүүхдүүдээ итгэж, тэд маань ээж аавдаа итгэн, эмээ өвөө, ах дүүс, садан төрөл гээд л бүгд л итгэл сэтгэл гэдгээр холбогдон анд нөхдүүд, танил олон ч бие биентэйгээ итгэл хэмээх үл үзэгдэх холбоосоор холбогдон байдаг билээ. Иймд тэрхүү холбоосоо улам бэхжүүлэх нь гагцхүү өөрсдөөс маань шалтгаалж байгааг ухаарах нь зүй болов уу.
Нэгэнт итгэл найдвар тавихын өмнө  магадлан шалган түүний дараа хэрхэхээ сэтгэн бодох нь бас л чухал Эр ДЭМ болох нь.            

Wednesday, January 14, 2015

Үндсэн хуулийн талаар

Эрт урьд цагт ч гэнэ энэ цаг үед ч гэнэ.
Алтан наран ээж алаг дэлхийн амьтай бүхэнд ав адилхан ээнэ. Гэтэл хэн бүхэнд адил ээхэд гомдол гаргах нэгэн байв. Халууцаж байна. Хэцүү байна. Наршиж байна. Ам хатаж байна гээд л. Гэвч алтан наран ээдгээрээ л ээнэ. Зарим нь даарч байна. Хөрч байна гэх. Олон амнаас олон янзын санаа гарна. Гэвч алтан наран ээхийг яалтай. Хэн хүний хүсэлд үл захирагдана. Хорвоогийн бүхий л амьд амьтад элч дулаанаа авч, энэрэл хайрыг нь хүртэнэ. Даарсан нэг нь дулаацаж, хайсан нэгнээ олж, гэрэл гэгээнд нь талархах нэгэн нь талархаж, түлэгдэх нэгэн нь түлэгдэж, хайрагдаж, тунгаагдан шүүгдэнэ. Сүүдэр бараадан сэрүүцэвч, наран ээжийн халуун элчийг хүртэнэ. Хаачивч зуртах аргагүй. Орчлонгийн жамаас.
Сударт: Их багыг ижилхэн ээх Илчит наран мэт ёс дутав.
Бидний амьдралд байдаг энэ бүхэн юуг сануулан байна вэ?  Энэ алтан нарны гэрэлд зарим нь зохицоод, эвсээд амьдарна. Зарим нь нуугдаж ган зуд боллоо гэж нарыг зүхэж, зарим нь үйлийн үр хэмээн хүслээ тэвчин аргадана.
Бид хууль дүрмээ даган мөрдөж, зугтан зайлж, өөрийгөө хуулийн дээр мэтээр сэтгэн авилгал өгөх зэргээр янз бүрийн ааш гаргадаг. Өөр өөрийн эрх ашгийн төлөө уландаа гишгэх нь энүүхэнд. Тэгэхээр бүгдийн сэтгэлд нийцсэн хууль гэж байдаг болов уу?
Хүн бүхэн өөрийн хүссэнээ тулган байвал тэр бүхнийг тусгаж чадах уу?
Олон хүн сайнтай муутай, Уулын мод өргөнтэй урттай гэж манай ард түмэн ярьдаг. Тэгэхээр хуулийг юуны тулд яах гэж, яагаад гаргадаг юм бол? Хэн бүгдийн төлөө байх, амар амгалан, сайн сайхан амьдрахыг бий болгох хуулийг хэрхэн бий болгох бол?
Нэгэнт бид Наран ээжийнхээ гэрэл гэгээ дулааныг зайлшгүйг хүлээн зөвшөөрч, түүнд таарч тохирсон хууль дүрэм гаргаж, мөрлөж явсан нь мандан бадарч хүлээн зөвшөөрөхгүй нь сүйрэн унах тавиланг өвгөдийн олсон ололт, алдсан алдаа бүхэн сануулан байхад түүнийг санан сэрэх сэрүүлэг тун ч чухал юм байна. Үгүй бол уруудан уруудсаар хохиролоо Наран ээжийн өнгөт гэрэлд ч олж харахааргүй болсон нь өнөөгийн бидний амьдрал харуулаад байх. Энэ бүхэн аль ч цаг үед байж л байсан.
Аливаа зүйл тордож, зүлгэж, сануулж байхгүй бол мартагдан мартагдсаар ор мэдэхгүй мэт болдогийг бид тод харж мэдэрч, ухаарч байна.
Амьдралд бүрэн нийцсэн хуультай байсан бид өнөө хүлээн зөвшөөрөх битгий хэл ухаарах сэтгэхүй үгүй болтолоо мартаж, өөрсдийн мухар тархиндаа нийцсэн хууль дүрэм гаргаад ч түүнийгээ  бүрэн таньж мэдэхгүй л яваа шүү дээ.  Энэ нь харийнхан  бидний гаргасан хууль дүрмээр өөрсдийг маань хөнгөхөөн залгичих хэмжээний болчихсонг сонсож л байна. Энэ нь Эзэн хааны маань хэлсэнчлэн өөрийн өөдгүйн боол хөндлөнгийн идэш болж буйг бүрнээ харуулж байх. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг.
Хөх толбот, эх дэлхийн хүйг хамгаалагч элэг зүрх нь болсон үрс бид өвгөд буурлуудынхаа  мандан бадарч  явсан үеийг өр зүрхнийхээ сэрүүлэг,  болгон өвлүүлж үлдээсэн өв бүхнийг санан  санан, бодон бодон, сэрэн сэрэн, явсан туулсан мөрөөр нь тууштай тулж алхваас хүрэх алсын зам маань дардан байх болов уу.
Тэгэхээр амьдралд бүрнээ таарсан хууль гэдэг нь урт удаан, саад бартаагүй дардан замыг бий болгодог юм болов уу?
Хэрэглэж байж сая ИХ ЗАСАГ.


Friday, January 2, 2015

Үлгэр 2

Эрт урьдын цагт гэнэ
Элгэн түмний үед гэнэ
Энэ насны эхэнд гэнэ
Эвлэг дууны түрүүнд гэнэ
Хоо үнэнээр замнах гэнэ
Хоолойн солонго татахад гэнэ
Хойшлох түүхийн эхэнд гэнэ
Хойин чонос нохосын үед
Хорвоогийн танин мэдэхүйн заагт
Хонгор сэвлэг задран байхуйд
Хонхны дуунд зүүд эргэв
Эхийн сэтгэлд үнэн зангирч
Ээлэг чимээ хотлоор түгэхүйд
Эвч санаанд орчлон уярч
Эрчим болон биед шингэмүй
Зэргэлээ тодрох болов гэнэ
Зүрх уярах болов гэнэ
Зүүд амилах болов гэнэ
Зөн замнах болов гэнэ
Хаа холоос биш хажуудах гэнэ
Харц бүхний чихэнд гэнэ
Хайраар дэмнэх бодолд гэнэ
Хамсан хүрээлэх нөхдөд гэнэ
Алдалгүй атгах атганд гэнэ
Айлсан буух түмэнд гэнэ
Ам арын мэндэнд гэнэ
Айзам хөг аялгуунд гэнэ

Орчлонд түгмү

Долоон бурханд хүсэл шивнэн
Долгион юуг нь хүлээн өвөрлөхөд
Эрчим юугаараа тэтгэн дэмнэн
Эвлэхүйг түгээн сэтгэлд шингээнэ
Энэ биендээ хөглөн аялгуулахад
Эх үүсгэлд зүтгэл тодорч
Энх мэндийн бат нотолгоо
Эхээс үрд шингэн уусмой
Шингэх тусам зүүд биелж
Шинэхэн цас мэт гялалзан байхуйд
Үлдээх мөр тодоор харагдаж
Үйлс болон орчлонд түгмү

Шинэ гэж үү

Шинэ гэж үү сайтар ухан ойлговол зэ
Шилжин буй тоос чийг хий дэнсний хуулиар
Шивнэн хэлэх сэтгэл зүрхний дуудлагаар
Шижир мэт тодрон гялтганах таны хувь 
Шөнөөс өдөрт, өдрөөс мөчдөд
Мөчдөөс оддод түгнэм шүү
Тосон авбал хувь ерөөл бадарч
Тогтохуйн зам оршихуйн жамаар жигдэрч
Хөх бүхний голчоор түгэхүйд зорилгоор тааран
Хүсэл тань бүхний дээдэд нэгдэж
Хүрээ юунд алхам нэмэн түрэн уухайлнам за

Friday, November 28, 2014

Чимэг тодормуй

Түмэн нугачаа буман саадыг
Туулаад гарах уу, тойроод гарах уу
Таньсан мэдсэн мэдрэмж бүрээ
Тордоод авах уу, төвөгшөөн орхих уу
Энэ биендээ шингээх бүхнээ
Эс болгондоо тунгаах учгаар
Үнэн гэдэгтэй тулах цагаар
Үйлийн цаадах тунарах юм
Хэрхэн оршин бадамлах вэ
Хэлхэх үгээ таних вэ
Хэрсүү занг суулгах вэ
Хэв болгож тогтоох вэ
Надад ирсэн эрчмээс мэдэрч
Най тухын сэрэхүй дор
Наадан золголдох учир дор
Наран гэрэлтэх чимэг тодормуй

Wednesday, October 29, 2014

Хатан СУУ ухаанаас

Эх Дэлхийгээ хайрлан энэрэхүй
Ээжий аавын гарвал бүрийг
Энд тэндээс эвлүүлсэн эрчмийг
Ээлэг зангийн тодлох бүхнийг
Эвч санаанд багтаан хэлхнэм
Амь бүрийг тэврэн тэтгэж
Аадар болгон тосон дэмнэж
Ашдын заяанд багтаан баясгаж
Авран тэтгэх заяа түшнэм
Өөрийн бие мэт өргөн дэлхийд
Өнө мөнхийн зулыг бадамлаж
Өгсөн уруудах хором бүрийг нь
Өлгий заяандаа хайраар бадраана
Болор тунгалаг наран ээжий
Баясган туяарах саран ээжий
Ивээл хүсэл дэмнэн дамнан
Их үүслийн зам тодорно

Tuesday, October 28, 2014

Хатан СУУ ухаанаас

Төрөө хэрхэн засах
Тулх болон сүндэрлэн урсаж
Түшиг тэнгэрт заяа зааж
Төөрөг юуг зүрхэнд мэдэрч
Төрт ёсыг дэмнэн замнана
Уухайн дуунд нь уянга нэмж
Уярах дуу нь орчлонг сүлж
Урагшлах ардын зам мөрийг
Утга төгөлдөр сүрээр бадраана
Айл болон түгэн бүхүйд
Анд журмын хэлхээс болж
Алаг дэлхийг зүрхэндээ багтааж
Ахуй төрд саран болном
Өөрийн бие мэт өсгөн торниох
Өнгөт орчлонгийн жамыг таниулж
Арвинтай учигны хэлхээс болгон
Арван ёсон зүүдээр дамнана
Зүүд мөрөөдөл болон оршиход
Зөрлөг бүхэнд нь уялга болгон
Түмэнтээ сэтгэлийн дэм болгон
Төгөлдөр заяаг түлхүүр болгомуй

Monday, October 27, 2014

Хатан Суу ухаанаас

Гоо үзэсгэлэн
Өнгө тунамал царайг гийгүүлж
Өргөн далайн долгион цацруулж
Өвч цагаан далавч мэтээр
Өргөн орчлонд нэвтлэн тунарав уу
Хээрийн цэцэг мэт хэнзхэн заяа
Хээ хуар мэт өнгөөр тодровч
Хэрхэх замын чигийг тодлох уу
Хэрсүү занг гамнан гаргав уу
Эрдэм ухаан эрчим болж
Эрхэмсэг төрхийг чимэн байхуйд
Хацар ГОО туяа цацарч
Ханан үйлийг гарган тодлоно
Эрчим болж хөг бүтээх
Эгэлгүй төрх нь элгэмсэг заларч
Айдас бүрийг үргээн байхуйд
Алаг хорвоод намуун туяарнам

Хатан СУУ ухаанаас

Үрээ хэрхэн сургах
Үндэс юугаан мэднэ үү
Үлгэр түүхээ ухна уу
Үл тасрах холбоо юуг
Үүрэг болгон авнам бус уу
Алаг зүрхний тал бүрээр
Алдуурахааргүй гурамсан тогтоон урлаж
Ааш бүрээр эвийг тааруулж
Айх зовох учгийг үргээнэм
Хүрэх алсыг тодлон товлож
Хүрч чадах учгийг гаргаж
Дардан зам үгүйг ухаарч
Дөрлөн өндийж чигийг зүглүүлнэм
Хэвт ёс бүхэнд хэлхэж
Хэрхэх учгийг надад илгээнэм
Хээрийн эмзэг цэцэг ургахуйд
Хүрээ юуг нь тогтоон тодлоно
Хосоор амьдрах хорвоог таниулж
Хоёргүй сэтгэлийн учгийг гарган
Хээрийн анхилам салхийг зүглүүлж
Хэл хүргэн сэтгэлийг татнам
Аав ээж ахан дүүсийн
Айлсан буух олныг хүрээлж
Насан өндөр заяаг түшихүйд
Намар цагийн хэмийг урлана.

Wednesday, October 8, 2014

Хатан СУУ ухаанаас

Эмэгтэй та биеэ хэрхэн авч явах
Өр зүрхний гүнд
Өгүүлэх түүх эхэлнэм зэ
Өргөн далайн эргээр
Тогтоон суух эрчим буюу
Гар хүрэх ур болгон
Гагцхүү чин сэтгэлийг татаж
Гарган буй үгсээр нь
Гарц юугаан тодлом за
Үйлийн үр гэдгийг
Үр чи минь мэднэ үү
Үүх түүхийн эхлэл бүрд
Үлгэр болон шингэсэн шүү
Алд биений учигны
Арвинтай утгын цомог
Айлсан байх хүрээг
Дамнах ухааныг өгнөм за
Энэхэн биений эс ширхэг
Элсний нүүдэл
Хурын усан
Эрчимт салхин
Энэ бүхэнд тодлох учиг
Эгэл мэт үнэн түүх
Даган баясах учиг бүр
Дардан замаар замнах буюу
Далан өнгөөр гэрэлтэх үү
Дайран өнгөрөх хуйлрал юу
Тэмээн жингийн алхаа мэт
Тэв тов алхах бүхүйд
Тэнэгэр уужим ухаан хөглөж
Тэнцэн дамнан насан нэмнэм
Эх Дэлхийн эрчим бүхэнтэй
Эвлэн сүлэн урсан замнаж
Хатууг уясгах ухаанаар хөглөж
Холын замдаа тэнцэн тогтном
Энэ биеэрээ сүлэх урсгалыг
Ээжий таны гараар дэмнэж
Энх тунхын бэлгэдэл бүрээр
Эгшиг дууны айзам болмуй
Алаглан байх учиг бүрийг
Авах гээхийн ухаанаар цэнэж
Айсуй зөнг мэдрэн сүлэн
Авхаалж юуг золгон зорином
Оддын эрчмийг оройд залж
Огт ор үгүйг тодлон товчлон
Хүрээ юугаан бөхлөн бэхэлж
Хүрэх алсад айлсан буунам
Алтан хэмээх  учиг тодорч
Айсуй жамын хэмэнд тааруулж
Анхны үүсгэл бүхнээ дамнан
Айлтгал болон оршихуйд залнам

Ханьдаа

Үнэхээр наддаа чи минь хайргүй болсон юм уу
Өр зүрхнийхээ гүнд чамайгаа л гэдэг билээ
Өргөн Эх дэлхийгээс намайгаа л хайна гэж бодсон
Уйлах нулимстайгаа хамт намайг арчлаа гэж үү
Хангал зүрх чинь хувираад чулуу боллоо гэж үү
Хайрлаж байсныг минь мартлаа гэж үү чи минь
Түг түмэн оддоор мэдээ дайсан юмсан
Туулах замаа бид нэг гэж бодсонсон
Эргэх дэлхийд бид хамтдаа гэж бодсон юмсан
Ээжий аав болсон үүрд гэж санасан юмсан
Алдрай үрсүүд чинь чамайг надаас асуудгийг мэдэх үү
Аав нь ирнээ гэж аргадан байж шивнэдэгсэн
Хайрт минь чи одоо жаргалтай байна уу
Хань ижилээ олсон гэж сэтгэл сайхан байна уу
Үүрд хамтдаа гэж үнэн зүрхээ хөглөнө үү
Үгүй бол чи минь өрөөлийг бүү зовоо
Амраг минь чи өр зүрхээ сонсоно уу
Алтан Дэлхийд мөрөө үлдэхгүй гэж санана уу
Үр хүүхдүүд чинь чамаас үлгэр авах ёстой юмсан
Өр бүтэн байж жаргах бус уу хожим
Анхлан учирсан үеээ эргээд нэг санаач
Аргадан байж чамайгаа хайрладаггүй байсан гэж үү
Агшин мөч бүрдээ чамайг л гэж амьдарсан юмсан
Амраг минь чамд хангалтгүй байсан гэж үү
Хань минь бид чамгүйгээр яах билээ дээ
Хатуу энэ хорвоог хэрхэн туулах билээ
Эргээд ирвэл бид чинь тосоод хүлээнэм зэ
Энх тунх жаргалтай, сэтгэл дүүрэн байхсан даа
2013.11.01   09:35

Төрсөн өдөрт нь

Өдөр бүрийн наран
Өр зүрхний хайраа
Өнө мөнхийн илчээ
Өв болгон илгээдэг шүү
Үргэлж санаж явах
Үүрийн цолмон од
Үүр гэгээрэн буйг
Үр чамдаа илгээдэг шүү
Хайр гэдгийн учгийг
Халуухан зүрхнээсээ хайгаарай
Хат суун хайрууг давах нь
Хатан үрийн сэтгэлд буй
Эрэл бүхэн эргэн ирнэм
Эв юуг бэлгэдэн цуглана
Элэг зүрхний бяцхан тольтод
Эхийн хайраар тодрон гэрэлтнэм

Wednesday, September 10, 2014

Оршвой

Сэм сэмхэн урсах уу
Сэргэлэн оргилон орших уу
Сэтгэлийн гүнээ танив уу
Сэрэхүй өндийн босох уу
Зөн мэдрэмжиндээ итгэж
Зүүд биелэхийг хүсэж
Зөрүү бурууг тунгаан
Зөв замаа чиглэнэ
Хайрхан уулын бэлээр
Хашилт хаалтыг даван
Харгуй жимээр замнан
Хаа хүрэхээ товлоно
Эртний аялгуу эгшиглэж
Эхийн холбоо дэмнэн
Энх тунхийг бэлгэдэн
Эрчим юугаар сүлэлдэнэ
Зөн мэдрэмж эрчилж
Зүрх сэтгэлийг уудалж
Жамт орчлонгийн хүрдийг
Заяа тавилантай холбоно.
Хөөрүү дуугаар аялах
Хүчит давалгаанд сэрэх
Хүй холбоог сануулан
Хүслийн зүйг мэдрүүлнэ
Алд биеийн эрчим
Аажим аажмаар нэмэгдэж
Алаг Дэлхийн хүслээр
Аргагүй түүчээ болном
Мөнх Хөх Тэнгэрээс нь
Мөнгөн бороо шаагиж
Мөрөн гол мэт урсаж
Мөрөөдөл биелэн оршвой

Thursday, September 4, 2014

Алхам

Алхам бүртээ өнцөг үүсгэн
Аялгуу хэмийг нь шигтгэн шингээж
Алс хэтийн чигээ тааруулж
Алаг хорвоогийн хүслийг тандаж
Хээр тал, ханхай, говьдоо
Хэмнэл юугаар нь эргүүлэг үүсгэн
Хэлцэл бүрийн утгийг нэгтгэн
Хэвт ёс, заншлыг сэргээнэ
Үй түмэн углаа бүр
Үйлсийн цацлаар оршоох мэтээ
Үлгэр болон туульс хайлахад
Үнэн тодоор илрэх мэтээ
Дамнан дамнан гишгэх бүрийд
Давхар давхар ахих бүрийд
Даамай нэгэн хаалга нээгдэж
Далай ухааны гарц оршвой

Monday, September 1, 2014

Өршөөл

Өнгөт ганганы үнэрт
Өр зүрх минь сэмэрч
Уйлах нулимс хацар даган
Учиг тайлан урсах мэтээ
Өршөөл эрсэн сэтгэлд минь
Өгүүлэн буй итгэлд минь
Өвгүдийн минь зүтгэл тодорч
Өр нимгэн амьсгал уужирнам
Хайрлан буй тэдний минь
Хайлан буй сэтгэл нь
Хавар нөмөрлөх нөмөр мэт
Халуун илчээрээ төөнөн байх юм
Эргэн эргэн тойрон
Эвийлэн эвийлэн хайрлан
Энх тунхыг бэлэглэн
Эрчим юугаараа дэмнэнэ.
Хийх үйлийг минь таниулж
Хэлэх үгсийг минь урсган
Хэтийн зорилго тодорхуйд
Хүсэл болон тунхагланам за
Нэгэн бие мэт урагшилж
Нэрэн тодлох учирлаас
Хаа хүрэх замаа
Харанхуй шөнөөр ч үл гээнэ
Давах даваа бүрээ
Дардан гэж үл бод
Дайчин өвгөдийн сүрийг
Даруу гэж бүү эндүүр

Friday, August 29, 2014

Эвийн ОВ

Эвийн Овоор дэлтэй гөрөөс номхруулж
Эргэх хорвоод гарц юугаан олоход
Эхийн сэтгэлээр нэгийг надад ухааруулах
Эрхэм нэгний үг ухаарал өгнөм

Хайр гэдгээ ойлгож гэмээнэ
Харсан мэдсэн бүхнээ холбоно гэмээнэ
Хат суух насан урсана хэмээнэ
Халшралгүй даван зүтгэнэ хэмээнэ

Нэгэн хэмээр урагшлан бүхүйд
Ний хэмэн болох эгшин бүхүйд
Нэмэр болон дэмнэх бүхүйд
Надад эрчим болон дамнах бүхүйд

Ойлт болон оршихуйд түгэн
Оддоос чимээг шингээн түгээн
Буурал орчлонд бууриа засах
Бидний зүтгэлд хүчин болном

Monday, August 25, 2014

Би ниснэ

Хөх Тэнгэрээр дүүлэн
Хөвсгөр үүлсээр дамнан
Огторгуйн гүнээр аялан
Оршихуйн жамаар замнан
Би ч бас нисэх ёстой
Айзам эгшгээр жигүүрлэн
Алаг зүрхээ хөглөн
Хайр энэрэлийг хүртэн
Хажуудахдаа бас түгээн
БИ нисэхийг хүснэм
АНДийн ирэнд хурцлагдан
Авах гээхийг танин
Тоолох насны учгийг
Тодоор жигүүр болгон
БИ нисэх хэмээн байнам
Өнөөдөр үгүй бол маргааш үгүй
Өнгөт гэрэл үгүй бол өнгө үгүй
Өршөөл үгүй бол энэрэл үгүй
Өд минь гүйцжээ
Би нисэх гэж байна
Хатуу бэрхийг давах шандас юугаан шалган
Хайруу бүхийг давах далавч юугаан бөхлөн
Эдгэрсэн шархаа умартан эрч юугаар хөглөгдөн
Элбэрэл хайрын дуутай би нисэх болно

Friday, August 22, 2014

Тосном

Би гэрэлт нарандаа итгэж байна
Гэгээ татуулсан сүүн замаар хөврөх
Утга төгөлдөр бодолдоо суулгасан
Уртын дууны эрхэм тансаг аялгуунд
Уужим ухаант ардынхаа
Уухайлах дууг оночтойд итгэж байна
Би ҮНЭН байдаг гэж мэдэж байна
Гэнэт мэдэрсэн тавилан юугаар учирч
ГЭР болсон хотол олны хүчинд
Гэгээн тавиланг буйг зөгнөн
Ээрэм талын хөг болон түгэн буйг
Элэг зүрхний гүндээ мэдэрч байна
Би цочоон сэрээх салхийг угтаж байна
Цолмон оддоос ирэх дохио юуг хүлээн
Цойлон дүүлэх хүлэг юугаан зэхэн
ЦОО ухааны эрэл юугаан шингээн
Аадрын үүлийг хураан хүчээ илтгэх
Алсын зам маань дэвтэх цагийг тосном

Хүч нэмнэм

Балчир ухаан тэлэхэд
Бадаг шүлэг урсахад
Тэмүүлэл болон учиг нэмж
Тэртээ алсыг тэмтрэн учирнам
Өдөр өдрийн наран ээхэд
Өмнө тодорсон зүг нээгдэж
Хэлэх үгсээр түүчээ болгон
Хэмнэл болгон урсан байх шиг
Анд нөхдийн дэм тодорч
Авах гээхийн ухааныг шалгахад
Аргагүй зүрхэнд гэрэлтэх гэгээнд
Алаг хорвоогийн өнгө тодорном
Зээ хүрээнд жигдрэн учирч
Жил насаа нэмэн түүчээлж
Учрал болон ундрах ухааралд
Үл тасрах алтан бүс
Өршөөл энэрэл уучлал бүхэн
Өрнөх түүхээр аялан алсрахдаа
Түмэн бээрээр холбон сүлжсэн
Төгөлдөр заяа намайг хөтөлнө
Эвсэг зөөлөн аалинд уярах
Эртний өвгөдийн биеээр дамнан
Хөх Тэнгэртээ ч хамтдаа хүлээх
Хүчит удмын цусан хэлхээс
Ай АНД минь чамдаа зориулсан
Атгахан үгийг минь тогтоон авна уу
Айзам яруу эгшиг уянгаа
Алдуурахааргүй гурамсан сүлжин дамная
Хэлэх үг минь цээжнээс ундарч
Хэрэг болгон илгээн байхуйд
Өр зүрхэндээ хайрыг мэдэрч
Үнэн сэтгэл хүч нэмнэм.