"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, January 12, 2016

ХҮНДЛЭЛ  ХАЙР 2016.01.03-12
Хайр хүндлэл хоёр хамт яагаад бичигддэг юм бол?
Хатдын сударт: Эр нөхрөө хүндлэх: Хүндэл гээд Тэнгэр шиг магтах биш. Хүндэтгэж түүний өгүүлэхийг гүйцэд сонсож, өөрийгөө илтгэж, өөрөөсөө дээгүүр харьц гэсэн үг. Түүнийг дааж чадахгүй эр нөхөр бол заяаны хань биш гэдэг байсан юм. Хүндлэлийг дааж чаддаг байж л эхнэр хүмүүн, нөхөр хүмүүн нэгэн гэрт оршино. Эр хүмүүний заяаг нь өөд өөд нь өргөж байж эр хүмүүн хийморьлог явж, нэрийг чинь өргөн  түмэнд алдаршуулдаг гэжээ.
Эндээс харахад хүндлэл бол магтаал биш болж таарлаа. Магтаал хорлол гэж сударт бий. Магтаал хорлол гэж  амьдралд батлагдсан байдаг шүү дээ. Тэгвэл бас нэгэн анд маань магтаал үүрэг хариуцлага гэв. Бас л хоёр талаар харах нь. Үүрэг хариуцлагаа ухамсарласандаа хөдөлгөх хүч болж харин ухамсарлаж чадаагүй БИ- дээ гацагсдад нь хорлол ч болдог юм уу даа. Ардын зүйр үгэнд бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг. Чи  үгүйд би юу ч биш гэж сударт бий.
Тэгвэл эр нь юу юм бэ? Нөхөр нь юу юм бэ? Эр нь удамшил уламжлал зөв байж,  дааж байж хүндлэл байх гэж ойлгомоор ч юм байна. 
 Өөрийгөө илэрхийлэхийг нь бүрэн сонсож, яг юу хэлэх гээд байгааг нь ойлгохыг хичээх нь л дээ. учир нь тулган шаардалт бүхэн аливаа нэг гацааг үүсгэж байдаг. Тэгэхээр бид биенээ сонсоно гэдэг  хүндэтгэлийн эхлэл юм байна шүү дээ.  Өрх гэрт биесээ хүндэтгэж хайрлахгүй бол настанаа хүндэлж балчираа тэтгэхгүй юм бол тал тал тийшээ харсан шуудайнд хийсэн үхрийн эвэр мэт болно шүү дээ. хүүхдүүд маань биднийг хүндэтгэдэг үү? Нөхөр бид хоёр биесээ хүндэтгэдэг бил үү? Настан балчрыг эвсүүлж байж бүтэн болдог юм биш үү? Эхнэр нөхөр хоёр эвсэж байж бүтэн болдог юм байна. Тэгэхээр эвсэл дээр хүндэтгэл дээр гарч ирэх нь л дээ.
Тэгвэл хүндлэл яг хэзээ илэрч гардаг юм бол? Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дутах тавилангаа мэдэрсэн үед гарч ирэх болов уу гэж харлаа. Учир нь нөхөргүйгээрээ би хэн билээ? Хамт амьдраагүй ч болно гээд болох ч үр хүүхдүүд маань, би өөрөө ч тэр хүнээр дутаж хамт байхыг хүсч байна шүү дээ.
Дутагдаж хэрэгтэй байгаагаа мэдрэхгүй бол тэр хүний хэрэг бидэнд байх уу? Тиймдээ ч бид эр нөхрөө татах гэж хичээж зүтгэж, зөөлөн дулаан үгсийг хэлж байдаг шүү дээ.
Харин  Хүндлэлийг дааж чадах гэж гол асуудал байх нь. Дааж чадна гэсэн нь юу гэсэн үг вэ? Дааж чадаж байж нэг гэрт оршино гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэдий хань минь гээд бид нэг гэртээ орсон ч биенээ гэсэн хүндлэл хамтад минь үгүй бол бас л тэнцвэргүй байдал үүсч сэтгэл ханамжгүй болчих гээд байгаатай адил хэн нэгнийхээ хүндлэлийг бид л харахгүй бол эв эе гэж үгүй болчих гээд байна шүү дээ. Тэгвэл энэ хүндлэлийг хэрхэн харж, мэдэж, мэдрэх вэ?
Тэгэхээр хүндлэлийн орчин гэж хамгийн түрүүнд бие биенээ сонсож сурах нь. Бие биенээ гэсэн чин сэтгэл Харилцан хамаарал тэгш байж байх нь хүндлэлийн дараагийн шат болох ч юм байна. Энэ бүхэн үйлдэл болон гарч ирж Үүнийг Итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, үүрэг хариуцлага, хичээл  зүтгэл гээд бие биенийхээ өмнө дааж явах ёстой ачааг мэдэрч таньж чадсан нь, чадаж байгаа нь хүндлэл гэж хэлээд байна гэж үзэж болох юм.
Хүн бүр хөх дэлхийн эзэн суухад 
Хүндлэл хүртэхэд бэлэн үү гэдгээ 
Хөхөл гэзгээ тавьсанаасаа биш 
Хөх гавлаасаа асууж сурагла гэж Амбахай хааны айлдварт бичсэн байх юм.
Сударт Цагийн хэргийг бадрааж чадахгүй ахыг царцаа голионы дайтай хайрлаад яах вэ гэсэн үг бий.  Хүндлэл гэж үүнийг хэлж байж болох уу? Цагийн хэрэг гэж тэгвэл юу вэ? Бадрааж байж хүндлэл хайр ирдэг юм байна шүү гэж харвал бадраах нь тэгвэл юу вэ?
Өнөөдөр бид яагаад цуглах болсноо ярьж баталгаагаа гаргаж байна. Ядаад гурван учгаар батал гээд байгаа шүү дээ. Тэгж байж зөв явж байна гэж харна. Баталгаа үгүй бол хөөсрөлөөр явсаар хэзээ нэгэн цагт тарах болдог шүү дээ. Үүнийг бид ойр олноосоо харж л байна.
Өмнөх судрын хэлэлцүүлэг дээр нэгэн анд  маань номны талаар гаргалгааг мэдээд одоо үлгэрийн номонд оролцох гээд ярьж байгаа нь бид баталгаагаа гаргаад л байна гэж харж бахдал болгон харлаа.  Цагийн хэргийг бид ном гаргаад баталчихсан байна шүү дээ.  Бидний өөрсдөө ч мэдээгүй байж мод тарьсан маань бас л чухал үйл болж таарсан.  Цагаан овоон дээр ч бас л өөрсдийн мэдэлгүй хариуцлага авсан. Лусын хаалга нээлээ. Энэ бүхнийг цагийн хэрэг гэж харж болох уу? Тухайн цаг мөчид бид хэрэг зоригоо өөрсдөө ч мэдэхгүй бай мэдсэн ч бай гүйцэтгэж чадсан л байна шүү дээ.
Мөн Бид хэн нэгэндээ хэлэх ёстой хэрэгтэй үгсээ цагт  энь хэлэхгүй л бол бурууд бас өөрийгөө үлдээчихээд байна гэж өмнөх туршлагаасаа харлаа. Тэгвэл цаг хугацаа гэж юу вэ? Бид томоор харж байж жижгийг харна гэж ярьдаг. Том  нь тэгвэл юу юм бэ? Жижиг нь юу юм бэ?
Цаг хугацааг мэдэрч, Ач холбогдлоо харж, үйлийн үр дүнгийн нийлэмж дээр хүндлэл гарч ирнэ гэж харж чадахгүй байгаа л бол үнэ гэж үгүй, үнэлэмж гэж үгүй хий хоосон зүйл болно  гэж нэгэн анд маань  хэлэв.
Бид  Цаг хугацааг тодорхой хэмжээсээр авч үздэг. Өнгөрсөн одоо ирээдүй, мянган зуун жаран, цаг мөч хором  гээд уртын хугацаанаас өчүүхэний  нийлэмжээр тодорхойлогддог. Хором бүхэнд урсаж байх мөчид тодорхой хэмжээгээр нь товлон түүн дээр ач холбогдлоо гаргадаг. Жнь хагас сайн бүхэнд цуглахаа ач холбогдол өгч түүнд бэлддэг. Юу ярих вэ хэмээн бичдэг. Хагас сайнаас дараагийн хагас сайн хүртэлх тэр л өдрүүд бэлтгэл болж ухаан нэмж байдаг шүү дээ. Үүнтэй адил
Цагийн урсгал хэнийг ч хүлээхгүйг мэдэрсэн тул бэлтгэлээ хийдэг. Харин үүнд ач холбогдол өгөхгүй  бол бэлдэх хэрэг үгүй. Ирэх ч хэрэг юунд байна? Тэгвэл цаг хугацааг үнэтэй болгож байгаа нь юу вэ? Зорьсон хүссэн итгэсэн мэдэрсэн бүхэн маань хаана хүргэх юм бол? Үйлдэл болсон бол үнэлэмж хэрхэн гарч ирэх вэ? Өөрөө өөртөө болон бусдаар илэрнэ гэж харвал сэтгэл дүүрэн хангалуун байх, бусад олон маань зүйтэй үгсийг хэлж учгийг зангидаж байвал баталгаа болгон харна. Үнэхээр ч андын маант гаргалгаа ингэж гарч  ирж бие биенээ баталчих юм байна шүү дээ.  Энэ эрдэмийг нь яагаад хүндэлж болохгүй гэж? Өмнөх түүх ч үүнийг өгүүлдэг шүү дээ. Өвгүд эмгүдээ бид яагаад хүндэлдэг гэж? Өмнөх түүхийн үнэнг баталж чадна хэмээн хүндэлдэг. Үр хүүхдүүдээ үнэнийг өгүүлж үнэнээр замнуулж сургаж чадна хэмээн үнэлэн хүндэлдэг. Эрдэм бий хэмээн хүндэлж үлгэр дуурайл авдаг шүү дээ.
Хаан дээдсийг яагаад ингэж их хүндэлж дээдэлнэ вэ? Хийж бүтээсэн гавьяа нь тодолж үлгэр дуурайлал болж итгэл сэтгэлийг хүлээсэн тул хайрлан хүндэлдэг. Өмнө харж байгаагүй ч хажууд нь байгаагүй ч сонссон дуулсан уншсан мэдсэнээсээ бахдан биширч байдаг шүү дээ.
Тиймдээ ч цагийн хэргийг бадрааж чадсан бүхнийг хүндлэл хайр бахархлаар харах нь түүх билээ.  Эрдэм болж эргээд ирдэг нь энэ олон судруудаас харж л байна.
Гэвч түүхээ мартсан түүхээ гээсэн бүхэн юугаар бахархаж юуг хүндэлж байгаа нь өнөөгийн энэ нийгмээс харагдаж байна. Өвгүдийг үл тоож өнгөтэй өөдтэй мөнгөтэй бүхнийг шүтэн хүндлэх болсон. Мөнгө хар мөртэй гэж хэлдэг юуныг вэ? Мөнгийг муу хэлээд байгаадаа учир биш харин түүнийг хэрхэн харж байгаа дээр, юу гэж ач холбогдол өгч байгаад учир байна гэж хармаар байна.
Мөнгө гэж чухам юу юм бэ? Түүнийг зорилгодоо хүрэх хэрэгслэл гэж харах уу, харин эрх мэдэл соронзон гэж үзэх үү? Эсвэл хэн нэгнийг барих арга гэх үү? Өнөөгийн үед тийм байгаа ч харин бид судраа уншиж, түүхийн үнэнийг эрж хайх явцад үнэ цэнэ гэдэг юунд байгааг олж харж чадав уу? Чадсан түүндээ дүгнэлтээ гаргах л болж  дээ.
Ингээд хоёр талаас нь харвал хар  мөр нь юу юм? Цагаан мөр нь юу юм. Өнөөдөр бидний хэрэглэгдэхүүн мөнгө болчихсон байгаа нь үнэн. Амьдрал ахуйгаа тэгшлэхэд зайлшгүй байгаа нь үнэн гэвч бүхнийг мөнгөөр харж болохгүй байгаа юм биш уу? Ачлал хүндлэл тусламж  дэмжлэг гээд мөнгө өгч болох ч араас нь нэхэлтэй бол өгсөнд тооцох уу? Буцаан өгнө гээд авсан бол мэдээж буцаан өгөх нь зүй, нэхэх нь зүй. Харин өгч чадсан л юм бол  үнэ цэнээ мөнгө өгсөн гэх нэхлээр бүү хараасай гэсэндээ бичлээ. Энэ нэхэл л биднийг харлуулаад байдаг юм байна шүү гэж харлаа. Нэхэл цаанаа юу ч дагуулж байж болно. Мөн тухайн хүндээ бэлнийг өгөхгүйг бас өгүүлж байж болох ч өгөхөөсөө өмнө ач холбогдлыг нь харж ухаанаа зарах нь л дээ. Ухаан тэгвэл юун дээр гардаг байх нь вэ? Мөнгө олох дээр үү? Эсвэл алсын зорилго дээр үү? Голоо барьж Мөс чанараа алдалгүй байх дээр ч андын ир хурцалж байдаг байна шүү дээ. үүнийг үнэлэх үнэлэмж үгүй бол өөрөө мэдтүгэй л болох юм байна. Хамаг гол асуудал өөрт л байдгийг бас л тод харцгаалаа.
Сударт: Тусгаар таван тогтнолоо Тунбаогоор булаалгах үед сөнөхийн угтал бугшмал хэцүү нялуун шулуун халуун гурван цөвүүн цаг зэрэгцэн ирнэ гэжээ. Өнөөдөр энэ бүхэн зэрэгцэн ирсэн байхын нүдтэй бүхэн харж байвч ухах нь хэд буй вэ?
Аплле компанийн эзэн нас барахаасаа өмнө амьдралаа эргээд харахад бүх зүйл нь хоосон санагдан мөнгөтэй байлаа гээд үлдээгээд л явна. Харин дурсах зүйлтэй бай гэж захисан байх юм. Энэ хүнд бүх зүйл, эрх мэдэл, эд хөрөнгө байсан байж. Гэвч үхэхийн өмнө дутагдаж байгаагаа ухаарснаас өмнө нь ухаарчихвал гээд л бид ярьж хэлэлцээд сууж байна. Өөртөө хүндлэлийг бий болгодог ч байна гэж харлаа. Түүнээс хэн ч хэлээд яриад л нэмэргүйг өнөөдөр бас харлаа.
Хэл ам хэрүүл тэмцэл бий болгосноороо хар мөр болж, харин  хэрэг нь гарч үйлээ дамнаж байвал цагаан мөр байна шүү дээ.
Бидэнд бүгдэд өнөөдөр мөнгөний асуудал байгаа ч би үр хүүхдүүддээ мөнгөнөөс илүү чухал зүйл байдгийг ухааруулах гэж толгой ажиллаж л байна. Энэ ухааныг олох нь чухал юм байна. Ингээд бодоход бидэнд асар их үүрэг оноолт болон ирсэн байна шүү дээ. Мөнгийг хүндлэл гэх үү, ухааныг хүнлэл гэх үү гэдэг ээр үлгэрлэл болгон өөрсдийгөө аваачих үүрэг ирсэн өнөө үе гэж харахаас ч өөр арга үгүй болж шүү дээ. Үгүй бол өнөө л сүйрлийн ирмэг дээр ирсэн байх нь гэж сударт бий.
Сударт: Үйлийн үрийн аюулын угтаж мэдэж засдаг мөлүсүтэй Төрөл бүл эрүүл байвал түвшин сайхныг дахин олно гэжээ.
Энэ араа мэдэж бяраа таньж ирээдүй хойчоо бодож угтаж мэдэх дээр цагийн хэрэг Байгалийн болон байгалийн бус хүчин дээр ч гарч ирэхээр  гарч ирж байна гэж хармаар юм биш үү? Тиймдээ төрөл бүлийн эрүүл гэдэг хамгийн гол асуудал юм байна гэж харах ч юм байна. Хүндлэл хайр, онол жаяг, зөн бүрдсэн бидний Ижил олон, Төрөл бүлд биесээ л бид хамруулах ч юм байна шүү гэж мөн харлаа.
Хатдын сударт: Өгөөдэй хааны гагц алдаа нь нэгэн хүмүүнд итгэх итгэл сэтгэл байсан. Итгэсэн, түүнийг эргэн шалгахаа мартсан. Итгэлтнээ шалгана гэдэг бол итгэлгүй байгаагийн тэмдэг гэх түүний авир мөн чанар нь байсан юм гэх энэ авир мөн чанар нь байсан юм. Энэ алдаан дээр бугшмал үүссэн юм гэжээ.
Эндээс харахад итгэх эрдэмийн магадлах гэдэг нь бүр мөсөн итгэх биш харин цаана нь учир нь юу байна гэсэн? Үнэн худлын дэнс үргэлж л байж байх нь л дээ. Харин энэ шалгалтыг даагаад даваад гарсан бол итгэл хүндлэл байх нь шүү дээ.  Ингээд л монголчуудын цаанаа заавал үлдээж байдаг ацан санаат гэдэг нь гарч ирлээ шүү дээ.
Шалгах шалгуур нь тэгвэл юуюм бэ? Энэ бол судраар, өвгүдийн түүхээр, өөрийн гаргалгаагаар, хамтын хэлцлээр гээд ажиглалт мэдрэмж сэрэмж гээд  ядаад бид гурваар батлах нь л дээ.
Ингээд гол гэдэг дээр хүндлэл гарч ирж, харин голох дээр хүндлэл гарч ирдэггүй юм байна шүү дээ.
Хүндлэл хайр тэгвэл цуглахуй, эвлэхүй, дэмнэхүй, энэрэхүй, танихуй, өвлөхүй, үйлдэхүй, дээр гарч ирдэг юм биш үү гэж таны сондор өргөн бариад энэхүү бичвэрээ өндөрлөюү хэмээлээ.

АЛСААС УГТАЛ ҮГ БАЙХ НЬ ХОЖМЫН ЕРӨӨЛ БОЛЖ БАЙДАГ ҮНЭНГ БОДОЖ  БИД БИЧЛЭЭ.

No comments:

Post a Comment