"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, September 12, 2017

Эргэцүүлэл- 29 2017.09.11

МТТТ-59-р хуудас: Мөр хар байх аваас Улаан нөжөөр хохирох.
Энэ юу гэсэн утга агуулсан юм бол? Улаан нөжөөр хохирох. Үүнтэй уялдаж, Хэн хохирох юм бэ? Хэрхэн яаж хохирох юм бэ гэх асуулт гарч ирнэ ээ дээ. Яагаад улаан нөжтэй холбогдов? Нөж гэдэг нь юу юм бол? Тэгвэл Мөр хар гэдэг нь юу юм бол? Мөр цагаан гэдэг нь юу юм бол? Эзэн хаан маань гартаа нөж атгаж төрсөн талаар Нууц товчоонд бичигдсэн байдаг шүү дээ. Нөж гэдгийг монгол хэлний товч тайлбар толинд – бүрэлдсэн цус гэжээ. Гэтэл Эзэн хаан маань эхэсээсээ атгаж төрсөн хүүхэд юм билээ гэж нууц товчоонд бичигдсэн байдаг. Гэвч хүн бүхэн л цустай шүү дээ. Яагаад хохиролыг цустай холбов? Харин ураг удамд эхийн талыг цусан тал, эцгийн талыг ясан тал хэмээн уг гарвалаа тодолж нэрлэдэг. Тэгэхээр эмэгтэй, эхийн талтай холбоотой байх нь уу? Тэгвэл эмэгтэйчүүд бид ураг удамдаа ямар үүрэгтэй юм бол?
Сударт: Хатан нь төр нэр авсан гурван эрээ бадраагч гэсэн байх юм. Харин: МТТТ-258-д: Хүүхэн хүмүүн узуур эсийг тэтгэж, ураг төрлийг арвижуулж, цусыг тэлэх бөгөөд үүндээ уялгалан хатан ухаанаар улс орныг тэтгэж, дэлгэрүүлж эв гэриэгээр энхжүүлж, саван дотор нь багтааж байхын ухааныг өгүүлсэн байна гэжээ.
Тэтгэх, арвижуулах, тэлэх, дэлгэрүүлэх, энхжүүлж, багтаан, бадраагч гээд л олон үүрэгтэй юм байна шүү дээ тэгвэл эмэгтэйчүүд бид. Харин тэгвэл бид үүнийгээ хийхгүй бол яах юм бол? Бадраахгүй Тэтгэхгүй, дэлгэрүүлэхгүй, арвижуулахгүй энхжүүлэхгүй, саванд нь багтаахгүй бол яах вэ? Үнээс болж юу болох вэ? Улаан нөжөөр Хохирох гэдгийг үүнийг хэлээд байна уу? Ингэхэд хохирол гэж юу юм бол? Эмэгтэй хүн, эх хүн хохироогч ч болж аврагч ч болж болох талаар бас л түүхийн энэ л судруудад бичээстэй байх юм. Тэр нь Дөргөн хатан юм байна лээ л дээ. Харин аврагч нь бол олон хатдууд байна шүү дээ.
Ийнхүү Мөр хар байх нь хохирол, Харин мөр цагаан бол хохирол үгүй байх нь гэвэл Сударт хараар явахын гашуун зовлон гэх үгс байдаг. Гэвч бас урвагчийг устгах хар ертөнц гэсэн ч байдаг. Тэгэхээр энэ юу болчихов? Энэ нь хэрхэн цустай холбогдоод байна вэ?
Монгол Домчийн сударт: Хүмүүний сүнс нь төрөлтөөс төрөлт рүү шилжихдээ нөхцөл байдал, дасан зохицол, аж төрөх зан байдал бүхнээ эсэндээ шингээн цааш өвлүүлнэ. Үүнийг бид хамгийн дээд өв гэж үзнэ гэж бичсэн байдаг. Харин сударт оройн дээдийг өв гэсэн байдаг.
Тэгэхээр сүнс төрөлтөөс төрөлт рүү эхийн хэвлийд бойжин урган төлжиж, эхээс салж, өсөн торнихдоо энэ бүхнийг өвлөн авч цаашаа мөн л үргэлжлүүлдэг байх нь ээ дээ. Ганцаагүй л аав ээжүүд та бид юуг яаж өвлүүлж үлдээх нь юуны түрүүнд анхаарах болж таарлаа даа. Энэ бүхэн удам дамжин удамшин ирээдүйд төрөх үрс хойчийн маань гэрэл гэгээ эсвэл хатуу хөтүү рүү чиглүүлдэг байх нь ээ дээ. Гэхдээ цаг хугацаатай уралдаж хийх нь ээ дээ. Тэгэхээр гэрэл гэгээ рүү нь чиглүүлээд, өвлүүлээд байгаа нь мөр цагаан, харин хатуу бүхэн рүү нь бол мөр хар байх гээд л байна уу? Ингээд цагаан, хар мөр гэдгийн тухайд эргэцүүлэх нь ээ дээ. Бидний мөр ямар байгаа юм бол? Хэрхэн мэдэх юм бол? Яавал цагаан мөртөн болж, яавал хар мөртөн болоод байна вэ? Харин сударт: мэдлэггүйн дотор харанхуй гэсэн үгс байдаг. Мэддэггүйгээсээ бид алдаад хохироод байдаг юм биш биз. Гэвч бас мэдээд яах вэ? Үйлдэх нь үгүй бол мэдээд хэрэг байх уу?
Хас төрийг бадраах сударт: Хар Цагаан хоёр луу Хүмүүний биеийг бүтээгээд булаацалдан тэмцэлдэж Хар цагаан үйлэнд нь шамдуулан зүтгүүлдэг байлаа. Хүмүүн нь өөрөө оюунтай Оюун мэдлэг амин сүнс нь Эрх дэлхийн сүнстэй Эгэлгүй нэгэн холбоотой учир хар цагаан аль ч үйлэнд Эрх тэгш шамдан явахыг энэ хорвоо дээр зарчим болгожээ.
Хар үйлэнд шамдах аваас, Хайр найргүй хороох адил Хагацаж салахын үйл адил Хатуу нэгэн байдаг билээ. Цагаан үйл нь хаанчлалаа тогтоовол Түмэн олон амгалан ч Төгсдөө байх нь үгүй Суух үйл нь арвинтай ч Хийж бүтээх нь үгүй.... Махан бие оршихын Үнэн үгүй болдог билээ. Тиймээс хар цагаан нь нэгдэж Эл бие нь тэгширч Арга билэг нь хосолж Амин чанарыг олж Тэр л бие нь цэгцэрч Хийх үйл нь тэгширч Арга билэг нь хосолж Амин чанарыг олж Эл хорвоо дээр амьд явахын утга учрыг олсон Нэгэн түүхтэй билээ гэжээ. Гэхдээ бас Дэмчийн гурав хосолсон цагт гэж цаг хугацааг бичээд байгаа шүү.
Булаацалдан тэмцэлдэн гэхийн учир юу юм бол? Гэвч аль аль нь байх ёстойг бас л хэлээд байх юм. Бөөгийн товчион-55д: Хоогчин эмгүн: Бөөг хийх үйлээр нь Цагаан, Хар, Улаан,Шар дөрөв гэж ангилдаг. Энэ нь онгодынхоо үйлээр ангилагдаж байгаа болно. Яагаад ингээд ангилаад байна вэ гэхээр тухайн Улаач нэгэн онгодоо сонгон , энэ Онгодынхоо үйлийг бүрэн дуусгана гэж өөр онгодоосоо түдгэлзсэн үед тэгдэг гэжээ.
Тэгэхээр бөөд хар цагаан гэдэг нь байдаг л байх нь шүү дээ. Хар цагаан нь нэгдэж, тэнцэж байх нь амьд явахын утга учир нь юм бол Тэгвэл энэ юуны учир хар мөртөн хэмээн, түүнийг сэрэмж болгон хориглодог юм бол?
Гэтэл Эзэн хааны айлдварт: Хорвоод шүглэсэн, Тийрэнгийн үрсээс, Хөх Монголоо хамгаалахаар Хаан эзэн би өөрөө Хар үйлээ ч хийх болно гэж байдаг шүү дээ.
Тэгэхээр аврал ч болдог хар үйл нь байх нь ээ дээ. Тиймээс л мөр гэх зүйлийн утга учирт их зүйл байх нь ээ гэж харвал хар үйлд нь тэнцвэргүй болж хэтийдэн үр хойчийн ирээдүй бүрхэг болдог т учир байх гээд байна уу даа гэж харвал яадаг юм бол доо.
Сударт амин ертөнц тэнгэр нь арилж хар мөртөн үгс бий. Тэгэхээр ертөнц тэнгэр гэдэг нь юу юм бол? Мөн Байгаа бүхнийг хорвоо гэнэ. Байлгахыг тэнгэр гэнэ. Байдлыг мэдвээс ертөнц гэх үгс бий. Тэгэхээр энэ хорвоог хэрхэн бид таних юм бол? Үнэнг Ертөнц Тэнгэр болгосон юм бол арилж гэхээрээ гэмийг арилгах, гайг арилгах гэх юм уу даа. Хатны сударт Хөх монголыг хөдлөх бүрт нь аварна гэж үгүй гэсэн үгс бий. Мөн сүүлчийн боломжийн талаар бичсэн байдаг л даа. Сүүлчийн боломж гэх сэрэмж агуулах үгс Энэ яг юуг хэлээд байна вэ? Бас л бодох л хэрэг гарлаа. Тэгвэл хар мөртөн байх нь сүүлийн боломж чинь шүү гэдгийг сануулж гэрэл гэгээг рүү чиглүүлээд байгааг бид анзаарахгүй байгаа юм биш биз? Мөр цагаан гэдэг нь тэгвэл юу болж таарав? Алтан сударт: Алтан дээд үнэний аялгуугаар алсад мөр цагаан үлдтүгэй Алтан дээд аялгуу буйд Амин их ертөнц тэнгэртээ эзэн гэж Хатан бичсэн байх юм.
Ингээд хөөн ухаад байхаад Алтан дээд үнэний аялгууг гарцаагүй л барьж авах л болж таараад ч байна уу даа. Гэвч бусад судруудтайгаа холбохгүй л юм болохгүй байхаар ч юм шиг ээ. Харин уншигч та хэрхэх юм бол доо.

No comments:

Post a Comment