"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Wednesday, September 10, 2014

Оршвой

Сэм сэмхэн урсах уу
Сэргэлэн оргилон орших уу
Сэтгэлийн гүнээ танив уу
Сэрэхүй өндийн босох уу
Зөн мэдрэмжиндээ итгэж
Зүүд биелэхийг хүсэж
Зөрүү бурууг тунгаан
Зөв замаа чиглэнэ
Хайрхан уулын бэлээр
Хашилт хаалтыг даван
Харгуй жимээр замнан
Хаа хүрэхээ товлоно
Эртний аялгуу эгшиглэж
Эхийн холбоо дэмнэн
Энх тунхийг бэлгэдэн
Эрчим юугаар сүлэлдэнэ
Зөн мэдрэмж эрчилж
Зүрх сэтгэлийг уудалж
Жамт орчлонгийн хүрдийг
Заяа тавилантай холбоно.
Хөөрүү дуугаар аялах
Хүчит давалгаанд сэрэх
Хүй холбоог сануулан
Хүслийн зүйг мэдрүүлнэ
Алд биеийн эрчим
Аажим аажмаар нэмэгдэж
Алаг Дэлхийн хүслээр
Аргагүй түүчээ болном
Мөнх Хөх Тэнгэрээс нь
Мөнгөн бороо шаагиж
Мөрөн гол мэт урсаж
Мөрөөдөл биелэн оршвой

Thursday, September 4, 2014

Алхам

Алхам бүртээ өнцөг үүсгэн
Аялгуу хэмийг нь шигтгэн шингээж
Алс хэтийн чигээ тааруулж
Алаг хорвоогийн хүслийг тандаж
Хээр тал, ханхай, говьдоо
Хэмнэл юугаар нь эргүүлэг үүсгэн
Хэлцэл бүрийн утгийг нэгтгэн
Хэвт ёс, заншлыг сэргээнэ
Үй түмэн углаа бүр
Үйлсийн цацлаар оршоох мэтээ
Үлгэр болон туульс хайлахад
Үнэн тодоор илрэх мэтээ
Дамнан дамнан гишгэх бүрийд
Давхар давхар ахих бүрийд
Даамай нэгэн хаалга нээгдэж
Далай ухааны гарц оршвой

Monday, September 1, 2014

Өршөөл

Өнгөт ганганы үнэрт
Өр зүрх минь сэмэрч
Уйлах нулимс хацар даган
Учиг тайлан урсах мэтээ
Өршөөл эрсэн сэтгэлд минь
Өгүүлэн буй итгэлд минь
Өвгүдийн минь зүтгэл тодорч
Өр нимгэн амьсгал уужирнам
Хайрлан буй тэдний минь
Хайлан буй сэтгэл нь
Хавар нөмөрлөх нөмөр мэт
Халуун илчээрээ төөнөн байх юм
Эргэн эргэн тойрон
Эвийлэн эвийлэн хайрлан
Энх тунхыг бэлэглэн
Эрчим юугаараа дэмнэнэ.
Хийх үйлийг минь таниулж
Хэлэх үгсийг минь урсган
Хэтийн зорилго тодорхуйд
Хүсэл болон тунхагланам за
Нэгэн бие мэт урагшилж
Нэрэн тодлох учирлаас
Хаа хүрэх замаа
Харанхуй шөнөөр ч үл гээнэ
Давах даваа бүрээ
Дардан гэж үл бод
Дайчин өвгөдийн сүрийг
Даруу гэж бүү эндүүр