"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, November 26, 2013

ЭН цогцлоох

Өвгөдийн ертөнцөд өсөн бойжиж
Ололт олз бүхнийг тархинд хураахуй дор
КҮЭН хүслээр ур дүй урлахуй дор
МОН ОГОУУЛ  ИЭ ЭКЭ Суу Улс буйд
Ний Хэмт оршихуйг цогцлоон бүхүйд
Нэгэн амин болж ГОЛЛОХ буй за
ИЭ ЭКЭ бүрэн ялалт дор
Эгэл оршихуйд Ний цогцлоож
Төгөлдөр  оршихуйн хуулин дор
Төрийн бөхөөр тусгаар тогтносу
Амин Эхэт Хамтын хариуцлага дор
Алдаа оноог дэнслэх бүхүйд
Аюулт ГАй Гэм ЗЭМ ийг
Агшин төдийд арилгах Зүйд
Эр Ир КҮЭН ээр хамгаалж
ИЭ ЭКЭ Жай Аайий СУУ ИЭ КҮ иэр бадамлах дор
Ир Иэ ДҮй Эн цогцлоох Алтан Үнэн
 

Мэдэрнэм

Mиний нүдээр орчлонг тольдвол
Мишээх нарны амийг мэдэрнэм
Мөнхрөх оюуны сүрийг мэдэрнэ
Мэлмий тунгалаг сэтгэлийг мэдэрнэм

Миний чихээр орчлонг сонордвол
Мөнгөн саран бүүвэйлэхийг сонсоно
Мөрөн гол дуулахыг сонордоно
Мөр болгон шивнэхийг сонордоно

Миний гараар орчлонг мэдэрвэл
Хуйлран эргэх эрчимийг мэдэрнэ
Хатууг зөөллөх учгыг ухаарна
Хайраар тарих жимсийг түүнэ

Миний  хөлөөр орчлонд гишгэвэл
Зүрхэнд хайр ирэхийг мэдэрнэм
Зөнгөөр ухаан тэлэхийг мэдэрнэм
Зөөлөн дуслах совинг мэдэрнэм

Миний мэдрэмжээр хорвоог үнэртвэл
Долгилох урсах цэцэгсийг  мэдэрнэм
Догшин салхины чигийг мэдэрнэм
Доргин ирэх өөрчлөлтийг мэдэрнэм

Tuesday, November 19, 2013

Тэр

Цэцгийн дэлбээнд хурын ус тогтоход
Цээлэнд шумбах загас адил зүсэрнэ үү
Цэх шулуун сэтгэл зовлонд үл бөхийнө
Цээж дүүрэн амьсгалж гунигаа тэр хөөнө

Хатгалдах дайсан хажууд байгаа юмсан
Харин түүнийг үл тооно тэр
Атаат дайсны зүрхийг үхүүлж тэр
Аргамаг хүлэгийн зоог үл амраана тэр

Анд нөхдийн амьсгал нэгээр хорогдох мөчид
Аюулхай зүрхэнд нь гуниг нэгээр нэмэгдэнэ
Аав өжий ахан дүүсийнх нь
Асгарах нулимсыг харахад хэцүүг мэднэ тэр

Тэгэвч бидэнд ухрах зам үгүй
Тэрслүүт дайсанд дутаах зам үгүй
Тэнгэрийн бошиг бидэнд ирсэн хойно
Тэнхээ юугаан шавхах үлдсэн бидэнд

Хаантан танд хэзээд үнэнч билээ
Халуун цусаа хэзээд өгөх болно
Элгэн түмэн минь амгалан байвал
Энэ бие минь юуны хамаа байх билээ

Охин үрдээ

Онцгой нэгэн өдөр охин үр минь мэндлэв
Орчлонд би баяраар бялхан байсан
Оломлох ертөнцийн учигаар тэр минь
Ололт юуг мэдрүүлэн гэрэлтэв

Хайр татах өхөөрдөм түүндээ
Хамгаа зориулан өсгөв би
Хатан ухааныг өвлөх тэр минь
Хайлган сэтгэлээр ээждээ ирсэн

Өхөөрдөм бяцхан түүнийгээ харахаар
Өр зүрх минь баяраар бялхнам
Өндөр Дээдсүүдийн минь хайртай тэр минь
Өргөө гэрийн минь гэрэл гэгээ

Ээжий нь үрдээ бүхнээ зориулна
Энхрий үрсийнхээ хойчийн төлөө
Эх Дэлхийн амгалангийн төлөө
Энэ биеээ зориулах болно

Эвий минь ээжийгээ завгүй гэж
Элдвээр бүү туниарай
Үргэлжлэл болсон үрсийнхээ төлөө
Өөрийгөө ч үл бодном шүү

Хүчээн өргөмү

Алагхан Дэлхийдээ хүмүүн болж төрөөд
Аав ээжийнхээ өвөрт эрхлээд
Алтан нарнаас эрчимээ аваад
Аялгуут дуунаас хөгөө нэмээд

Хөхрөх үүлсийг тольдон хараад
Хүслээ шивнэн бодлоо илгээн
Хүрч чадах оргилдоо мацан
Хөөрхөн үрсийн эцэг эх болоод

Амьдрал гэдгийг үүгээр жишинэ үү
Авьяас билэгийг үүгээр л цэнэнэ үү
Хүслээн бас үүгээр сэтгэнэ үү
Хөрстийн амьдралыг үүгээр л өнгөөнө үү

Мэндэлсэн бол үүрэг бий
Мэдсэн бол зүтгэл бий
Мөнх Хөх Тэнгэрийн үрсэд
Мөрөөдөл биш зоригдол бий

Алтан Дэлхийд ирсэн зорилгоо
Аж жаргалаар сэтгэн бодно уу
Андгай тангарагны өмнө бөхийхөө
Анд минь чи мэднэ үү өнөө

Хатуу андгай тангарагтны үрс
Хатан зоригоор бүхнийг дийлнэ
Халшралгүй зүтгэл тэдэнд бий
Харин та тэдний нэг

Эх Дэлхийд ирсэн учиг
Эргэх жамыг тайлах учиг
Эв эеийг сахих учиг
Энэ биеээр чинь сүлэн байна

Өндөр Дээдсийн үргэлжлэл болж
Өлгий юугаан хамгаалан тэмцэж
Өргөн олны хүсэл сэтгэлийг
Өнө мөнхөд дэмнэн байхуйд

Эрэлхэг зоригт Дээдсүүдийн үрс
Энэ биеээрээ үлгэр болж
Эхлэл болон Орчлонг сэрээх
Эв нэгдэлд Хүчээн өргөмү

Friday, November 15, 2013

Сар эгчдээ

Эгэлхэн сайхан эгч минь
Энэлэн хайлан байна уу даа
Элэг зүрхээ дэвтээн
Эрхэмлэн санан сууна уу даа
Таньдаа би шүлгээн тэрлэе
Тал дүүрэн жаргалыг хүсье
Аавд тань цацалаа өргөе
Алаг Дэлхийгээс хайрыг илгээе
Адилхан бидний аавууд дээрээс хараад
Алаг үрсээрээ бахархан байгаа
Алд биеээ зориулан байгаа
Агуу үйлийг минь дэмнэн байгаа
Хатан ухаант эгч минь та
Хатуу бүхнийг даван байвч
Золбоо бүхнээр далавчаа дэвэх
Зоригт шонхор мэт дүүлэн ниснээ

Хөх сэрхийн нуруу


Хөх сэрхийн нуруу минь 
Хөшилдөөд харагдах нь сүртэй 
Хөндлөн өсөж төрсөн ч 
Хүрэн зүрхнээс уяатай
Баатрын ёсоор би 
Ясаа тавьсан юмсан. 
Байгаа чигээрээ байвал
Сэтгэл минь амгалан 
Алтайн сүрлэг уулсаараа
Дүүлэн давхиж байсансан
Аргамаг хүлгийн зоонд
Амрах завгүй мордсонсон
Хаант төрийн төлөө
Бүхнээ би зориулнам
Хатан сайхан өжийдээ
Зорьж очоогүй удсансан
Андын сэтгэлээр түшсэн
Баатар жинжидын сүрээр
Атаат дайснаа дарж
Хүчээ өргөнөм би
Алдрай балчир үрсээ 
Халуун хайраар дутаавч
Аавын нэрийг залгамжлуулсан
Ханьдаа би оршном
                                          

Thursday, November 14, 2013

Ханьдаа

Гуниг баярын алинд ч зүрхээ би мэдэрнэм
Гуниггүй явсан залуу нас минь надаас холдлоо ч харамсахгүй
Гэрэлтэх түүхийн эхлэл болон бичигдсэн ч
Гэгээ болон зүрхнээс наран мэт тодорно

Хатан зүрхэндээ чамтайгаа учирсан болохоор
Хаа хүрсэн ч дэргэд минь Та байгаа болохоор
Хаана ч хэзээ ч сэтгэл минь хайраар дүүрэн болохоор
Хацар минь хэзээд эрчим юугаар гэрэлтэх болохоор

Өнгөт орчлонд өөр хэнээр ч би солихгүй
Өөр хэн ч биш Та минь дэргэд болохоор
Өөжий аав болж өчнөөн жил ханилсан ч
Өр зүрхний минь хайр хэзээ ч бөхөхгүй болохоор

Өвлүүлэх ухааныг өөрсдөө л бид олох боловч
Өнгөрсөн түүхээ эргээд бид бичих болохоор
Өөдөсхөн үрсдээ өв юугаан өвлүүлэх болохоор
Өнө мөнхөд бидний амьдрал үргэлжлэх болохоор


Өрлөг түүхэнд үнэн гэдгээр мөрлөх болохоор
Өрсөн урсах жам ёсыг дагах болохоор
Өөдөө бүхнийг дэмнэн байх сэтгэл болохоор
Өнө ирээдүйд цагаан мөрөөр замнажээ бид

Monday, November 4, 2013

Амин


Өвгөдийн ухааныг өвлөн авч
Өлчир зүрхэндээ орчлонг багтааж
Тулах таван хаалгыг татан
Түших олон ардаа энэрч
Эх Дэлхийнхээ амгаланг хамгаалж
Эрдэм оюун бүхнээ зориулж
Алд биеийн алжаалыг үл тоон
Алтан төрийн төлөө зүтгэж
Долоон үеээрээ Тэнгэртээ мэндэлж
Зарлиг юугий нь өвлүүлэн үлдээж
Үрс балчираа сурган хүмүүжүүлж
Үлгэр домгийн үргэлжлэл болж
Аав Ээжийн ясан цусанд
Амин нэмж хүчин болмуй

Ээждээ


Ээж минь наддаа эрдэнэ билээ
Эргэх жамын тайлал билээ
Эрчилсэн утасны гогцоо билээ
Эвлэхүйн ухааныг нээгч билээ
Торгон зүрхний бурам билээ
Тоост хорвоогийн ачтан билээ
Намайг төрүүлсэн энгэр билээ
Нарт хорвоогийн гэрэл билээ
Хэнээс ч илүү хайрлах билээ
Хажууд минь намайг дэмнэх билээ
Хатууг  давахад түшиг билээ
Хэлсэн бүхэн нь эрдэнэ билээ
Элбэрэл хайрыг удамшуулагч билээ
Эх Дэлхийнхээ үр нь билээ
Энэхэн биеэрээ эрчим түгээж
Эргэхүйн жамыг ухааруулсан билээ
Зөөлнөөр эвлэсэн бүүвэй билээ
Зүүд нойрыг минь манагч билээ
Зөөлөн үгсээр эрчим нэмэн
Зүйрлэшгүй хайраар ундрагч билээ
Аадрыг аргадах үүл билээ
Алтан нарны илч билээ
Авьяас билэг ундарга бүрээр
Аргагүй намайг төөнөгч билээ

Аавдаа


Аав минь та миний шүтээн
Амин зүрхний гол билээ
Урсах нулимсаар орчлонг гийгүүлсэн
Уудам талын мод билээ
Аав минь та миний шүтээн
Алтан нарыг холбогч билээ
Аялгуу дууг  дамнуулагч билээ
Аврах учигны эхлэл билээ
Тоост хорвоог  тэнцүүлэгч билээ
Төгөлдөр ухааны сүв билээ
Төөрөг юугаараа намайгаа илгээсэн
Түмэн бодисын нууц билээ
Аав минь та миний шүтээн
Аргадах дууны минь цуурай билээ
Амьдралын учгыг үрсдээ өвлүүлсэн
Алд биений эхлэл билээ
Эргэх Дэлхийд үйлээ бүтээсэн
Эгэлгүй нэгэн авьяастан билээ
Энх тунхыг үрсдээ хайрласан
Эрчит нэгэн жигүүр билээ
Аав минь та бидний шүтээн
Алтан дэлхийдээ заяасан одон
Агуулах зүрхний тод гэрэл
Анивчих тусам нэмэгдэх гэгээ
Хатууг  таниулсан эрдэм билээ
Хайр нь дотроо гал билээ
Учиг бүхнийг бидэндээ дэлгэсэн
Урсгал дөлгөөн мөрөн билээ
Аав минь та дотнохон үнэр
Агь ганганы бүлээн салхи
Уудам хорвоод заяасан тавилан
Ухаан юугаараа хөглөсөн эрчим
Аав минь та миний шүтээн
Аргадан уйлах голын чимээ
Төрсөн нутагтаа тэмүүлсэн хүлэг
Тэнхээ юугаа зориулсан давалгаа
Аав минь та миний нулимс
Арчих тусам урсах ундарга
Алаг Дэлхийд ирсэн түүх
Ардаа бүхнийг багтаасан Ертөнц