"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, October 27, 2015

ӨРӨВДӨХ ЭРДЭМ

Өрөвдөх Эрдэм- бэрхшээлийг нь арилгах БӨӨ Эр Кү-тэй ганцхан ЧУ КУР –тай
 Өрөвдөх гэж юу юм бол?  Аливаа зовлон бэрхшээлийг хүн өөрийн биеэр туулж таньж мэдсэний үндсэн дээр бусад хүний зовлон гунигийг маш сайн ойлгоно.   Өөрөө туулж үзээгүй бол түүнийг нь азаарч харах, мэдрэх нь бага байх гээд байна уу?  Ээжийгээ би өөрөө эх болж байж мэдэрч билээ. Тэгээд л эх хүн гэдэг ямар байдаг, энэрэл хайрын сэтгэл ямар байдаг, зүрх хэрхэн нялхарч үрсдээ зөвхөн сайн сайхныг үргэлж хүсдэгийг мэдэж билээ. Гэвчиг энэ нь хэтрэхээрээ хор болж буруу зүг рүү нь чирлүүлэх болчихдог ч юм байна гэдгийг харж болохоор байх юм амьдралаасаа. 
Үр хүүхдүүдээ нас биенд хүртэл тэднийхээ чадахгүй зүйлд  нь тусалж, хэрэгтэй бүхнээр нь хангахын зэрэгцээ тэднийхээ хүсэл тэмүүлэл, зорьсон хүссэндээ хүрэхэд нь чиглүүлж, сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээдэг. Хүүхдүүдэд маань анхлан хийж сурч байгаа бүхэн хүнд хэцүү байх нь мэдээж.  Тиймдээ ч Чадахгүй нь гээд хошуу унжуулан уйлагнан тэдний өмнүүр Өрөвдөн халширч гүйсээр байгаад хэцүүд бэрхшээдэг болгочих гээд байх юм. Хийх зүйлийнх нь өмнүүр орох гээд байдаг шүү дээ. Амрыг харж мэдэхгүй чадахгүйгээр түрий барих тэднийгээ бид хэрхэн сургах вэ? Өрөвдөөд ч юм уу, үглэж хэлэхээс халширч өмнүүр нь ороод байвал  ямар үр тарина түүнийгээ хураана гэдэг болох гээд байна уу даа. Тэгвэл үрс минь амьдралын хатуу нугачаанд хөл тавиад яах бол? Бид үхэн үхтэлээ хамт байх ч Үргэлжлээд өөрсдөө амьдралыг туулах л болно. Өр минь өвдөвч хожим харамсах зүйл хийхгүй байхыг хэн ч хүснэ шүү дээ.
Бусдад ч мөн адил ханддаг энэ байдлаа олон талаас нь бодоод нэг үзвэл чадалгүй, дорой, буурай, тусламж гуйсан бүхэнд илрэх энэ өр өвдөм байдлыг бид өөрсдөө л өөгшүүлээд байдаг юм биш байгаа? Өрөвдөхөд өр өшиглөх гэх үг ч байдаг.
Гарц үргэлж байдаг гэдгийг нетээр хэсч явахдаа хоёр гаргүй ч хоёр хөлөөрөө бүгдийг хийж чаддаг эмэгтэйн талаар үзээд харж билээ. Амьдралаа хэнээс ч дутуугүй аваад явах тэр хүнээс бие эрүүл саруул бүрэн бүтэн байж дутах гэж үү? Ядаад үлгэрлэл авмаар юм байна шүү дээ. Гарц үргэлж бидэнд байдаг юм биш үү?
Тэгэхээр бэрхшээлийг арилгах нь бэрхшээлийг байхгүй болгож өгнө гэхээр ил ч бай далд ч бай нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт хийж  сударт бичсэнээр  Амьтны үрд хорыг үл хүргэн туслах бал байх нь зүйтэй болов уу гэж бодогдов.
Сударт:  Бусдын алдаа надаас болдог Хохирол нь намайг хорлодог гэжээ.
 Тэгвэл хор гэдэг нь юу болов? Хор нь хохирол юм бол бусдын ч бай өөрийн ч бай аливаа үрд хохиролгүй туслах болж таарлаа. Үр дүнгээр нь харвал хохирол үгүй туслах гэдэг нь аль аль талдаа ямар нэгэн өр нэхэлгүйгээр тухайн хүндээ бүрэн дүүрэн туслах байж болох уу?   Харин ингэж чадамгүй бол өрөвдөх хэрэг байна уу? Тэгэхээр бас л тооцоолох хэрэг гарлаа.  Үрсээ өрөвдлөө гээд хохиролоо танихгүй болгочих юм биш байгаа эцэг эхчүүд бид.
Үнэхээр хүсэл байгаад бэрхшээлийг нь арилгаж чадаж байгаа л бол харин үлдэц нь аль алиндаа өнөө л өлзий байх ёстой бололтой. Авсан өгсөндөө өлзийтэй байг гэсэн ардын зүйр үг дахин л гарч ирэх юм. Харин өлзийтэй байж чадамгүй бол өнөөдөр биш юмаа гэхэд маргааш тусласан хүнд маань хор болохгүй гэх баталгааг дор хаяж бодох л ёстой болох нь. Харин ингэж тооцож чадаад бүрэн төгс үйлдэл хийж чадваас яагаад өрөвдөж болохгүй гэж? Үйлдлийн өмнө нь асуудлыг зөв тооцож, угтан харж чадсан байх нээ дээ. Монгол улсын төлөө чаддагыг нь дэмнээд бэрхшээлийг арилгаад өгвөл алсын хараа тэр байж болох уу? Ард нь заавал нэг юм байх гээд байна уу даа? Чадаж байгаа юманд арга байхгүй гэдгээр Араа мэдэж бяраа таньсан л байх хэрэгтэй юм биш үү? Хариуцлага гэдэг зүйл үргэлж л биднийг даган явдаг байх юм байна шүү дээ гэдгээ мартахгүй байх нь чухал юм байна гэж сэрэмжээ нэг авчихвал яадаг бол.
Хэлсэн бол ам, гишгэсэн бол мөр гэдгээр мөн БууЭрЭл дээдүүдийн айлдсанаар бидний хийж буй үйлдэл наад зах нь 300 жилдээ хор хохиролгүй,  жамд нийцсэн байх дээр ч анхаарах нь зүйтэй ч санагдчих чинь. Бид ийм л хариуцлаган дунд явдаг болж таарав уу? Тэгэхээр тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр бас хөдөлж болохгүй болчихов уу даа. Хийж буй үйлдэл маань итгэлтэй байхыг шаардаад байна уу даа. Ингээд л бас судраас харвал ИТГЭХ ЭРДЭМ гэж байна.
Итгэх ЭРДЭМ: Сэтгэх магадлах найдах БӨӨ ЭР КҮ тэй хурц гурван ЧУ КУР тай гэжээ.
Харин өнөө маргаашийн бэрхшээл тухайн хүний зайлшгүй даван туулах ёстой үүрэг байгаад та бид өмнөөс нь арилгачихвал яах бол? Бэрхшээлийг сударт хэрхэн даван туулж амьдарсан талаар бичсэн байдаг шүү дээ өвөг дээдэс.
Сударт Жамуха Дээдсийн айлдварт:
Хэцүүгээр бугшсан 550 шалтгааныг тэмтэрч мэдэж, таниж тайлж, Таван мөчний яс чулуу болтол нь тэмтэрч хөл тавьж ахисаар олсон амьдрал билээ. Шүлсний хөөсөөр ундаалж, шүдний махаар хооллож, тэсэж тэмүүлж олсон аврал билээ.  
Тэгвэл энэ хэцүүгийн 550 шалтгаан чинь юу болж таарах вэ? Бид 550 шалтгаанаа мэдээ ч үгүй байж өмөөрөх гэдэг нь юу юм бол? Гээд л асуулт хөвөрөх юм.
Өнгөрснөөс ирээдүйг өнөөдрийн олзоос байгуулдаг гэж сударт бичсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн ОЛЗ маань юу вэ?  Олзны бага нь амттай гэж үг бий. Тэр амт гэж юу юм бол? Аливаа бэрхшээлийг  үрс минь өөрөө даван туулж байж мэдэрч чадвал өөртөө сэтгэл дүүрэн байхыг хэлээд байна уу?
Өмнө бичсэнээр бид алдааг өөгшүүлээд байдаг юм биш байгаа? Сударт гэтэл 16 ГЭМ зэмд Доройтуулах долоон нийГЭМ-ийг мунхагжуулах, ангижруулах, үжрээх, хөгийн болгох, гуйлгах, бэлнийг өгөх, залхууруулах гэж бичжээ.
Энэ бүхний талаар бас л тооцоолох хэрэгтэй болох нээ. Ингээд бодоход түүхээс бид сургамж авч яагаад болохгүй гэж. Заавал алдаж байхаар түүхийн энэ судраас  эрэл хайгуулаа хийвэл болохоор ч юм шиг санагдах юм.

Гэтэл цагийн байдлаар харахад Бид Ноён Уулаа ухуулахгүй гэсэн маань  юуг өрөвдөх болоод явчихав аа? Хэрхэн өмөөрөх болчихов? Мөн юуг арилгах болчихов?  Тэгвэл бид уул усныхаа Бэрхшээлийг нь яаж арилгах юм бол? Гээд хүн бүхэн санаж сэрвэл яаж байна? Ингээд өрөвдөх, өмөөрөх гэдэг маань юу болоод таарчихав аа?

Wednesday, October 21, 2015

Харамсах ЭрДЭМ

ХАРАМСАХ ЭРДЭМ:  Хохиролыг илэрхийлэх БӨӨ Эр Кү-тэй ганцхан ЧУ КУР- тай.

Харамсал гэж юу юм бол? Сэтгэл санаа, эд хөрөнгө, бие махбодь дээр хохирол гарч түүнийгээ илэрхийлэх нь хүний сэтгэхүйн ухамсарт үйл гарч ирэх нь гэж харвал бид өөртөө хамаатуулах болон бусдад хамаатуулах дээр гэж аль аль тал дээр тавих нь ээ? Хэн хохирох дуртай билээ. Хэрэгтэй бүхнээ бид хайрлан энхрийлэн гамнан тордож, өнгөлөн хадгалдаг. Гэвчиг  хэрэггүй зүйл дээр харамсал үгүй. Яагаад гэвэл түүнд үнэ үгүй. Хаяа л биз гээгээ л биз гээд тоох нь үгүй. Хэрэгтэй чухал зүйлээ хаяж гээвэл харамсаад үхэх нээ гээд л ярьдаг шүү дээ. Үүнээс  хамгийн их үлдэцтэй нь сэтгэл санааны хохирол насан туршид мартагдахгүй байх нь илүүтэй харагдаад байх шиг.
Сударт: Үнэтэй юманд үрэгдэл үгүй, үнэгүй юманд үнэр үгүй үгүй гэжээ.
Үнэтэйг бид хэрхэн мэдэх бол? Өнгө мөнгөөр хэмжих нь ч байна. Зүрх сэтгэлд хэмжээ нь ч  байна. Надад үнэтэй нь бусдад үнэгүй бол яах вэ? Тэгэхээр тухайн зүйлийн үнэ цэнийг үнэлж чадах нь юугаар хэмжигддэг юм бол? Эхлээд үнэгүй мэт санагдсан ч дараа нь үнэд орох нь бий. Тэгвэл үнэ гэж юу юм бол?
Сударт: Үнэт зүйлийн үнэ нь хариуцлагаар хэмждэг билээ гэжээ.
 Яагаад, ямар, ямар учраас гээд л асуултууд хөвөрнө. Хэн нэгэн, ямар нэг зүйл таны амьдралд хүндтэй байр суурь эзэлж, хайрлагддаг бол харамсал их байх нь мэдээж.  Гэвч хэтэрвэл юу болох бол? Бас л өөр өнцөгөөс харах шаардлагатай нь мэдээж. Тэгэхээр олуул олуул харамсахаар байвал их үнэтэй байж болох уу? Алдаж болохгүй зүйл, алдаж болохгүй цаг хугацаа, алдаж болохгүй хүн гэж байдаг уу?
Сэтгэл минь нэг өдөр сэмэрч би өөрийгөө бас бусдынхаа тухай бодов. Анх хаанаас хаа хүрлээ гэж бодов? Бидэнд инээд хөөр, баяр баясгалан, хайр энэрэл бүхэн байсан. тэр цаг мөч хаана үлдэв? Өнөөдөр би өнгөрсөн тэр цаг үе шигээ уяхан өр зөөлөн байгаа бил үү? Гэж би өөрөөсөө асуув. Бид өөрсдөө ч мэдэхгүй алдааг дэвэргэж байдаг юм байгаа? Өөрийнхөө болон бусдын алдааг харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрөөчихсөн юм болов уу? Үүгээрээ бид хорлогчид болчихов уу? Өмнө нь хэлж байх нь яагаав гэх үү? Тэр үед харж байсан ч, мэдэрч байсан ч хэлэх ёстойгоо ухаараагүй байв уу? Эсвэл өнөөдөр анзаарч мэдсэн бол ирээдүйн төлөө үнэнтэй нүүр тулж үнэнийг сануулан сэрээгч нь байх нь эдлэх эрх гэж харах ёстой юм болов уу? Миний бодож буй санаж буй бүхэн хэн нэгэнд таалагдах нь гол нь биш. Харин үүгээрээ миний сэтгэл бүтэн дүүрэн үлдэх гээд байх юм. Тэгэхээр амиа бодогч гэх өвгүдийн үг үнэн болоод байна уу?
Хожим харамсаж байхаар өнөөдөр би гурвантаа хэлж , эсвэл хэлүүлж яагаад болохгүй гэж. Харин гурваас хэтэрвэл хөөс гэдэг нь болох байх гээд шиг.
Тооцоолоод л үзье. Бусаддаа алдааг нь хэлж байгаагаараа хожим харамсал тээхээргүй бол надад аштай, түүнд ч хэрэгтэй бол яагаад болохгүй гэж.  Ганц хүн гал болохгүй ганц хүн айл болохгүй гэдэг. Унаган анддаа гомдовч нууваас тэнгэр ертөнцдөө хаягдаж буйн шинж гэдэг сударт. Нэг үхрийн эвэр доргивоос мянган үхрийн эвэр доргино гэх ардын зүйр үг бий.
 Үхэх нь үнэн. Дэнсэнд очих нь үнэн л юм хойно өөрийгөө өмөөрье л дөө. Хэрхэн өмөөрөх вэ? Гэтэл өгсөн авсандаа өлзийтэй байг гэж ерөөдөг. Энэ нь юу бол? Юу авсан болоод юу өлзий болчихов? Сударт өлзий хээгээр уялгыг илэрхийлсэн байдаг? Гэтэл уялга гэдэг маань юу болоод хохиролтой холбогдчих гээд байна вэ?
 Би алдаагаа өмөөрөхгүй харин өөрийгөө өмөөрөх гээд байгаа минь энэ. Энэ замба тив өөрөө дэнс юм биш үү? Энд өөртөө шүүлтээ сайн явуулаад өөрийгөө өмөөрчихвөл улсаа ч өмөөрөх гэдэг дээр яагаад харж болохгүй гэж. Хүн бүр өөрөө өөртөө эзэн байж чадвал улс маань маань мандан бадарч чадах гээд байна уу даа. Ядаад бид биеэ засах дээр анхаарлаа сайтар төвлөрүүлж нэг бодох хэрэгтэй болоод байна уу?  
Бусдад ч өөртөө ч хор үгүй амьдарч чадвал болох гээд байна шүү гэж бодож байна. Гэм үгүй бол Дэм гэдэг сударт.
Сударт : Байхгүй  монголд гарз хэлэлцэх юун гэжээ. Байлгах гэдэг дээр бид ярих гэхээс өнөө маргаашийн явган хэрүүл маргаан хэнд хэрэгтэй гэж? Хэрүүлийг л алгасах хэрэгтэй юм биш үү? 
Алдсаны хойно харамсаж байхаар алдахаасаа өмнө өчнөөн л боломж, эрдэм байна шүү дээ. Олж харж, ухамсарлаж чадвал бидэнд.
Сударт буйгаар ятгасны хэлийг огтол гэдэг ч бас ятгалгүй хэлж болдог юм болов уу?  Дэнсэнд баригдсан гэдэг үг энд таарах уу? 
Тэгэхээр илрэл гарч ирч байж харамсал байх нь. Илрэл үгүй бол харамсал үгүй. Үгээ хэлж, дамнуулсан л бол илэрч байгаа ч бас зөвхөн хэллээ гээд үр дүн хэмжигдэх нь бас дутуу байх гээд байх шиг.  Илэрч чадсан бол түүний үргэлжлэл эхлэл өрнөл төгсгөл гээд байх гээд байна. Нэгэнт харамсах зүйл болсон бол хэрхэн үүнийгээ Илэрхийлэх вэ?  Илэрхийлэх нь  үйл хөдлөлөөр,  үг яриагаар, материаллаг байдлаар илэрч болох. Аль аль Үнэн сэтгэлээсээ байхыг хүсэмжилдэг.
Тэгэхээр үнэн сэтгэл гэж юу болох вэ?  
Хожим ингэх минь яалаа, тэгэх минь яалаа хэмээн харамсан шаналах үе хүн л юм болсон хойно ирж болох ч өнөөдөр бид хохирол багатай дээр нь анзаараад сэхээрээд авах нь бидний хамтаар ярилцсанаараа давуу байдал болох гээд байна уу даа. тэгвэл Харамсах эрдэмийг:
Үүнд:
       1.   Маргааш  харамсахгүйн тулд угтаж мэдэх дээр
       2.   Харамсах зүйл гарсан бол гээд түүний үр дүнгээр нь үнэлэх.
       3.   Мөн өөртөө бугшмал үлдээхгүйн тулд гаргаж буй үг, үйлдэл гэж харвал яахаар байна


Аливаад өр зөөлөн сэтгэл, уярал хайр энэрэлээр хандах, олон талаас нь бодож тунгаан, олуул олуул хэлэлцэн, өөрийн тархиа ухан, өөрөө өөртөө үнэнч байж, алдаагаа өмөөрөхгүй, өөрийгөө өмөөрөх, улсаа өмөөрөх гээд бидэнд сурч мэдэх зүйлс олон олон байх гээд байна уу даа. Бултаараа хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Хэрхэн хэлэлцэх вэ тэгвэл гээд бодохоор эвтэй байвал хүчтэй гэдэг үг санаанд орох юм. 

Saturday, September 5, 2015

Яагаад?

 Одод яагаад гэрэлтдэг юм бол
Орчлон яагаад эргэдэг юм бол
Тэнгэр яагаад дээр дүнхийж
Тээр доор газар угтдаг юм бол
Учиг юуг ухан бодвол
Уул мэт хариу өгөх байх л даа
Учиглаж түүнийг асуух
Ухаан хаанаас гардаг юм бол
Эргэн тойрон байгаа бүхнээ
Эхлэл болгон харна гэдэг
Эрдэм оюунд шимтэнэ гэдэг
Энэ бүхэн хаанаас ундардаг юм бол
Таавар болгон хайгаад үзвэл
Танил дотно санагдах болов уу
Таны бидний заяа тавиланг
Тайлан дэлгэн хүүрнэх болов уу
Жим мөрөөр нь хөөгөөд үзвэл
Жижиг гэлгүй анзаараад үзвэл
Гүн далайн ёроолд хүрэх мэт
Гэрэлт тивийн захад хүрэх мэт
Амь амьдралын сүмэр уулнаас
Атган авах эрдэнэс мэт
Алдууралгүй барих ухаан цогцолвоос
Алаг дэлхийн үр нь болно

Monday, August 31, 2015

Бидний хамтын эхний эмхтгэл



Өөрийн муудаа унаж гутаагдах үйлийн үр
Өөрийн зүтгэлдээ босож бадраагдах үйлийн үр
Харийг шүтэх бүр удам заяаг гундаагч үйлтэй хясал, одоо цагаас...
Хөх заяаны тэнгэртээ суудлаа олох үйлсийн эх, одоо цагаас...
Түүх өгүүлэх одоо цагийн урсгал юу хэлэв?
Амьдрал гэж юу вэ? 

Хөх заяа хэнд хамаатай вэ?

Бидний 2 дахь хамтын бүтээл

Зан заншихуй номны тухай
Өмнөх үг
Нэг хүний амьдралын хугацааг дэлхийд анх хүн үүссэнээс өдий хүртэлх хугацаатай харьцуулж үзвэл өчүүхэн хугацаа мэт боловч энэ өчүүхэн хугацааг үнэ хүндтэй болгосон олон олон алдартнууд байдаг билээ. Тэдгээр хүмүүсийн үлдээсэн гүн мөр өдий болтол бидний зам мөр болон зүг чигийг заах нь байдаг нь монголчууд бидний хувьд Эзэн ЧИНГИС хааны маань бий болгосон хамтын түүх. Гэвч бид энэ их хаанаа бурхан шиг шүтдэггүй. Яагаад гэвэл бид өөрсдөө энэ түүхэн хүний бүтээлцсэн агуу их түүхийн гэрч үлдэцүүд нь шүү дээ. Туурга тусгаар Монгол улс гэж оршин тогтносоор байж л байна. Нэг хүн өөрийн амьдралын туршид орчлон ертөнцийн жам ёсыг таниж мэднэ гэхэд дэндүү ахадсан мэт боловч өнгөрсөн үеийн ололт амжилт алдаа оноо бүрийг өнөө үетэйгээ холбон орчлон ертөнцийн хувьсалд нь баяжигдан, өөр хоорондоо нэгдэн нягтарч , уламжлуулж явах юм бол ертөнцийн жам ёсыг таниж мэдэж зохицож амьдарч болох мэт. Яг л энэ замналаар Монголчууд бидний өвөг дээдэс минь замнаж одоо ч үр ач бид нь үргэлжлэл болгон явуулах уу гэдэг эгзэгтэй мөчид энэхүү номыг олон түмэндээ хүргэж байгаа билээ. Бид бол одоо цагийн эзэд гэдгээ хэзээ ч мартаж боломгүй мэт.
Өнгөрсөн баларсан балар эртний хүмүүсийн үүх түүхийг эргэж харах ямар хэрэгтэй юм зөвхөн урагшаа харж амьдарна гэж мунхрах олон байгаа болохоор эгзэгтэй мөч гэж тодолсон юмаа. Ямар ч хүн өөрийн туулж өнгөрөөсөн амьдралгүйгээр одоогийн өөрийгөө төсөөлдөггүйтэй адил хүн төрөлхтөн ч мөн адил өнгөрснөөсөө суралцахгүйгээр ирээдүйг харах хэцүү шүү дээ. Харамсалтай нь бидний монголчууд дураараа нүүх газар нутагаа орхиж, хот хэмээх энэхэн багахан газар багширан сууж утаан хөшиг татуулан , уушиг зүрхээ хордуулан өссөн төрсөн нутгаа эзэнгүйдүүлэн орхиж байгаа билээ.
Яагаад өдий болтол Монголчууд нүүдэлчин аж амьдрал ахуйгаасаа салалгүй явсаар ирсэн юм болоо? Тэнэгтэй тэр үү эсвэл бүдүүлэг хоцрогдсон мунхагдаа тэр үү? Эсвэл орчлон ертөнцийн жам ёсыг таньсан болохоор тэр үү?
Одоо ч гуравхан сая монголчуудын дундаас дэлхийд хичнээн хүн нэрээ гаргаж, алдраа мандуулж байгаа билээ дээ. Үнэхээр тэнэг мунхаг, ядуу, хоцрогдсон, хүчгүй байсан бол дэлхий даяар монголчууд алдар нэрээ ингэж гаргаж чадна гэж үү?
Тийм болохоор монгол хүний чадамжид эргэлзэх хэрэг байхгүй гээд зоригтой хэлчихье.
Харин бидний өвөг дээдсүүд орчлон ертөнцийн чанадын нууцад нэвтрэн түүнийгээ үр хүүхдэдээ ёс заншлаараа уламжлуулан, мартахын үүдийг хаагаад, сургаад, үлдээгээд уламжлуулсан байж болох уу? Ийм дээ ч эгэлхэн боловч хайхамшигт нүүдэлчин ахуй амьдралаа өдий болтол авч ирсэн юм болов уу?
Яг л энэ асуултын хариу болгон энэхүү " Зан заншихуй " хэмээх номыг 5 анд өөрийн уншсан, судалсан, сонссон , нийлж хэлэлцсэн бүхнээ цэгцлэх гэж оролдсоноо олон түмэндээ толилуулж байгаа нь энэ билээ.
Эрин цагийн эзэд болсон Монголчууд та нар минь их эрдэм мэдлэгийн үүдээ нээн хүлээх эцэг өвгүдийн алтан сургаалиа тосон авч, үүрдийн гэх Мөнх амьдралын утгыг олон , өнө мөнхийн түүхээ үргэлжлүүлнэ үү.

Sunday, January 18, 2015

Итгэл

 Итгэл гэж юу вэ?
 Бид үргэлж хэн нэгэн, юунд ч юм итгэж найдаж явдаг. Өөртөө итгэх итгэл маш их хүчийг авчирч, амьдралд хүссэн бүхнээ биелэнэ хэмээн итгэх нь урам зориг хайрлана. Алдагдсан итгэл эргэн ирэхэд өмнө минь гэрэл гэгээ харагдаж, юунд ч үл нугарах сэтгэлийн тэнхээг олж байсан юм миний амьдрал. Хань ижил, үр хүүхэд эргэн тойрныхоо бүхий л дотны хүмүүст итгэх нь маш амархан байдаг. Бараг шууд л итгэдэг.  Энэ нь биднээс эргэлзээ бараг шаарддаггүй гэхэд болно. Тэгэхээр итгэл гэдэг нь сэтгэлийн асар их хүч байдаг ч тэр итгэлээрээ бид асар өндөрт нисэж чадах ч тэр өндрөөс унах үед яах бол? Энэ нь хэдий чинээ өндрөөс унана төдий чинээ хатуу, хүнд, хэцүү байх болно. Амьдрах хүсэлгүй болтол нь унагаах нь ч бий.
Бид таньж мэдэхгүй ч юм уу, бага зэрэг таних хүмүүст шууд итгэх нь маш ховор. Би чадна хэмээн өөртөө итгэх ч чадахгүй байх нь ч байдаг. Тэгвэл итгэлийн маань цаадах үр дүн зорьж байсанд маань хүрэх үү? Өөртөө ч бай, өрөөлд ч бай итгэхдээ алдахгүйн тулд яах вэ? Энэ нь цаашдын замыг маань гэрэлтэй, гэгээтэй байлгах зайлшгүй чухал зүйл байгаа биз?
Сударт: Итгэх эрдэм- сэтгэх, магадлах, найдах БӨӨ ЭР КҮ-тэй хурц гурван ЧУКУР-тай.
Энэ нь тархиар хийгдэх үйлдэл нь харагдаж байна. Бид итгэх найдах гэж ярьдаг. Гэтэл сэтгэх магадлах гэдгээ орхигдуулчихдаг юм биш үү?
Сударт: Бусдын алдаа надаас болдог Хохирол нь намайг хорлодог гэжээ.
Буруугаа бид өөрөөсөө хайж, өөрөөсөө асуух болж таарав. Бид сэтгээгүйнхээ төлөө, магадлаагүйнхээ төлөө өөрөө өөрийгөө болон бусдыг хохироодог болж таарлаа.
Ах дүү амраг садан ер нь хэнбугайд ч бай шууд л итгэхээсээ өмнө бодох нь бас л хэрэгтэй бололтой. Үгүй бол энэ нь аль альд нь хохирол болох тал бийг харуулж байна. Бидэнд ийм жишээ захаас аваад зөндөө л байдаг.
Тэгвэл сэтгэх, магадлах гэдэг маань мааш чухал болж таарав. Түүнгүйгээр итгэл гэж үгүй хэлчихвэл болохоор юм шигээ? Та юу гэж бодно вэ?
Итгэлийг маань алдахгүй нэгэн байж болох  ч сэтгээд магадлаад найдчихвал сэтгэл дүүрэн байх билээ.
Сударт: Би байвч чи үгүйд өнчин гэжээ. Ихэр элгэн мэт андууд Итгэл дунд сум тавихгүй  гэнэ.
Өнчирч ганцаардахыг хэн хүсэх вэ? Бид орчлонгийн жамаар хамтаар амьдарч, найзалж нөхөрлөн, түмэн олонтойгоо, өнөр олуулаа, сэтгэл дүүрэн байхын тулд хэн хэндээ итгэж найдах нь өмнөх замаа өөдрөгөөр харах мэлмий юм болов уу.Тиймд энэ хамтдаа урагшлан дүүлэх итгэлийг дүүргэх найдвараа үл гээхийн төлөө өнөөдөр магад үнэнээр сэтгэх нь зүйтэй юм байна гэж ухан бодном.
Тэгвэл үнэний зам мөр маань бидний итгэл юм болов уу?
Бид хүүхдүүдээ итгэж, тэд маань ээж аавдаа итгэн, эмээ өвөө, ах дүүс, садан төрөл гээд л бүгд л итгэл сэтгэл гэдгээр холбогдон анд нөхдүүд, танил олон ч бие биентэйгээ итгэл хэмээх үл үзэгдэх холбоосоор холбогдон байдаг билээ. Иймд тэрхүү холбоосоо улам бэхжүүлэх нь гагцхүү өөрсдөөс маань шалтгаалж байгааг ухаарах нь зүй болов уу.
Нэгэнт итгэл найдвар тавихын өмнө  магадлан шалган түүний дараа хэрхэхээ сэтгэн бодох нь бас л чухал Эр ДЭМ болох нь.            

Wednesday, January 14, 2015

Үндсэн хуулийн талаар

Эрт урьд цагт ч гэнэ энэ цаг үед ч гэнэ.
Алтан наран ээж алаг дэлхийн амьтай бүхэнд ав адилхан ээнэ. Гэтэл хэн бүхэнд адил ээхэд гомдол гаргах нэгэн байв. Халууцаж байна. Хэцүү байна. Наршиж байна. Ам хатаж байна гээд л. Гэвч алтан наран ээдгээрээ л ээнэ. Зарим нь даарч байна. Хөрч байна гэх. Олон амнаас олон янзын санаа гарна. Гэвч алтан наран ээхийг яалтай. Хэн хүний хүсэлд үл захирагдана. Хорвоогийн бүхий л амьд амьтад элч дулаанаа авч, энэрэл хайрыг нь хүртэнэ. Даарсан нэг нь дулаацаж, хайсан нэгнээ олж, гэрэл гэгээнд нь талархах нэгэн нь талархаж, түлэгдэх нэгэн нь түлэгдэж, хайрагдаж, тунгаагдан шүүгдэнэ. Сүүдэр бараадан сэрүүцэвч, наран ээжийн халуун элчийг хүртэнэ. Хаачивч зуртах аргагүй. Орчлонгийн жамаас.
Сударт: Их багыг ижилхэн ээх Илчит наран мэт ёс дутав.
Бидний амьдралд байдаг энэ бүхэн юуг сануулан байна вэ?  Энэ алтан нарны гэрэлд зарим нь зохицоод, эвсээд амьдарна. Зарим нь нуугдаж ган зуд боллоо гэж нарыг зүхэж, зарим нь үйлийн үр хэмээн хүслээ тэвчин аргадана.
Бид хууль дүрмээ даган мөрдөж, зугтан зайлж, өөрийгөө хуулийн дээр мэтээр сэтгэн авилгал өгөх зэргээр янз бүрийн ааш гаргадаг. Өөр өөрийн эрх ашгийн төлөө уландаа гишгэх нь энүүхэнд. Тэгэхээр бүгдийн сэтгэлд нийцсэн хууль гэж байдаг болов уу?
Хүн бүхэн өөрийн хүссэнээ тулган байвал тэр бүхнийг тусгаж чадах уу?
Олон хүн сайнтай муутай, Уулын мод өргөнтэй урттай гэж манай ард түмэн ярьдаг. Тэгэхээр хуулийг юуны тулд яах гэж, яагаад гаргадаг юм бол? Хэн бүгдийн төлөө байх, амар амгалан, сайн сайхан амьдрахыг бий болгох хуулийг хэрхэн бий болгох бол?
Нэгэнт бид Наран ээжийнхээ гэрэл гэгээ дулааныг зайлшгүйг хүлээн зөвшөөрч, түүнд таарч тохирсон хууль дүрэм гаргаж, мөрлөж явсан нь мандан бадарч хүлээн зөвшөөрөхгүй нь сүйрэн унах тавиланг өвгөдийн олсон ололт, алдсан алдаа бүхэн сануулан байхад түүнийг санан сэрэх сэрүүлэг тун ч чухал юм байна. Үгүй бол уруудан уруудсаар хохиролоо Наран ээжийн өнгөт гэрэлд ч олж харахааргүй болсон нь өнөөгийн бидний амьдрал харуулаад байх. Энэ бүхэн аль ч цаг үед байж л байсан.
Аливаа зүйл тордож, зүлгэж, сануулж байхгүй бол мартагдан мартагдсаар ор мэдэхгүй мэт болдогийг бид тод харж мэдэрч, ухаарч байна.
Амьдралд бүрэн нийцсэн хуультай байсан бид өнөө хүлээн зөвшөөрөх битгий хэл ухаарах сэтгэхүй үгүй болтолоо мартаж, өөрсдийн мухар тархиндаа нийцсэн хууль дүрэм гаргаад ч түүнийгээ  бүрэн таньж мэдэхгүй л яваа шүү дээ.  Энэ нь харийнхан  бидний гаргасан хууль дүрмээр өөрсдийг маань хөнгөхөөн залгичих хэмжээний болчихсонг сонсож л байна. Энэ нь Эзэн хааны маань хэлсэнчлэн өөрийн өөдгүйн боол хөндлөнгийн идэш болж буйг бүрнээ харуулж байх. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг.
Хөх толбот, эх дэлхийн хүйг хамгаалагч элэг зүрх нь болсон үрс бид өвгөд буурлуудынхаа  мандан бадарч  явсан үеийг өр зүрхнийхээ сэрүүлэг,  болгон өвлүүлж үлдээсэн өв бүхнийг санан  санан, бодон бодон, сэрэн сэрэн, явсан туулсан мөрөөр нь тууштай тулж алхваас хүрэх алсын зам маань дардан байх болов уу.
Тэгэхээр амьдралд бүрнээ таарсан хууль гэдэг нь урт удаан, саад бартаагүй дардан замыг бий болгодог юм болов уу?
Хэрэглэж байж сая ИХ ЗАСАГ.


Friday, January 2, 2015

Үлгэр 2

Эрт урьдын цагт гэнэ
Элгэн түмний үед гэнэ
Энэ насны эхэнд гэнэ
Эвлэг дууны түрүүнд гэнэ
Хоо үнэнээр замнах гэнэ
Хоолойн солонго татахад гэнэ
Хойшлох түүхийн эхэнд гэнэ
Хойин чонос нохосын үед
Хорвоогийн танин мэдэхүйн заагт
Хонгор сэвлэг задран байхуйд
Хонхны дуунд зүүд эргэв
Эхийн сэтгэлд үнэн зангирч
Ээлэг чимээ хотлоор түгэхүйд
Эвч санаанд орчлон уярч
Эрчим болон биед шингэмүй
Зэргэлээ тодрох болов гэнэ
Зүрх уярах болов гэнэ
Зүүд амилах болов гэнэ
Зөн замнах болов гэнэ
Хаа холоос биш хажуудах гэнэ
Харц бүхний чихэнд гэнэ
Хайраар дэмнэх бодолд гэнэ
Хамсан хүрээлэх нөхдөд гэнэ
Алдалгүй атгах атганд гэнэ
Айлсан буух түмэнд гэнэ
Ам арын мэндэнд гэнэ
Айзам хөг аялгуунд гэнэ

Орчлонд түгмү

Долоон бурханд хүсэл шивнэн
Долгион юуг нь хүлээн өвөрлөхөд
Эрчим юугаараа тэтгэн дэмнэн
Эвлэхүйг түгээн сэтгэлд шингээнэ
Энэ биендээ хөглөн аялгуулахад
Эх үүсгэлд зүтгэл тодорч
Энх мэндийн бат нотолгоо
Эхээс үрд шингэн уусмой
Шингэх тусам зүүд биелж
Шинэхэн цас мэт гялалзан байхуйд
Үлдээх мөр тодоор харагдаж
Үйлс болон орчлонд түгмү

Шинэ гэж үү

Шинэ гэж үү сайтар ухан ойлговол зэ
Шилжин буй тоос чийг хий дэнсний хуулиар
Шивнэн хэлэх сэтгэл зүрхний дуудлагаар
Шижир мэт тодрон гялтганах таны хувь 
Шөнөөс өдөрт, өдрөөс мөчдөд
Мөчдөөс оддод түгнэм шүү
Тосон авбал хувь ерөөл бадарч
Тогтохуйн зам оршихуйн жамаар жигдэрч
Хөх бүхний голчоор түгэхүйд зорилгоор тааран
Хүсэл тань бүхний дээдэд нэгдэж
Хүрээ юунд алхам нэмэн түрэн уухайлнам за