"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, January 18, 2015

Итгэл

 Итгэл гэж юу вэ?
 Бид үргэлж хэн нэгэн, юунд ч юм итгэж найдаж явдаг. Өөртөө итгэх итгэл маш их хүчийг авчирч, амьдралд хүссэн бүхнээ биелэнэ хэмээн итгэх нь урам зориг хайрлана. Алдагдсан итгэл эргэн ирэхэд өмнө минь гэрэл гэгээ харагдаж, юунд ч үл нугарах сэтгэлийн тэнхээг олж байсан юм миний амьдрал. Хань ижил, үр хүүхэд эргэн тойрныхоо бүхий л дотны хүмүүст итгэх нь маш амархан байдаг. Бараг шууд л итгэдэг.  Энэ нь биднээс эргэлзээ бараг шаарддаггүй гэхэд болно. Тэгэхээр итгэл гэдэг нь сэтгэлийн асар их хүч байдаг ч тэр итгэлээрээ бид асар өндөрт нисэж чадах ч тэр өндрөөс унах үед яах бол? Энэ нь хэдий чинээ өндрөөс унана төдий чинээ хатуу, хүнд, хэцүү байх болно. Амьдрах хүсэлгүй болтол нь унагаах нь ч бий.
Бид таньж мэдэхгүй ч юм уу, бага зэрэг таних хүмүүст шууд итгэх нь маш ховор. Би чадна хэмээн өөртөө итгэх ч чадахгүй байх нь ч байдаг. Тэгвэл итгэлийн маань цаадах үр дүн зорьж байсанд маань хүрэх үү? Өөртөө ч бай, өрөөлд ч бай итгэхдээ алдахгүйн тулд яах вэ? Энэ нь цаашдын замыг маань гэрэлтэй, гэгээтэй байлгах зайлшгүй чухал зүйл байгаа биз?
Сударт: Итгэх эрдэм- сэтгэх, магадлах, найдах БӨӨ ЭР КҮ-тэй хурц гурван ЧУКУР-тай.
Энэ нь тархиар хийгдэх үйлдэл нь харагдаж байна. Бид итгэх найдах гэж ярьдаг. Гэтэл сэтгэх магадлах гэдгээ орхигдуулчихдаг юм биш үү?
Сударт: Бусдын алдаа надаас болдог Хохирол нь намайг хорлодог гэжээ.
Буруугаа бид өөрөөсөө хайж, өөрөөсөө асуух болж таарав. Бид сэтгээгүйнхээ төлөө, магадлаагүйнхээ төлөө өөрөө өөрийгөө болон бусдыг хохироодог болж таарлаа.
Ах дүү амраг садан ер нь хэнбугайд ч бай шууд л итгэхээсээ өмнө бодох нь бас л хэрэгтэй бололтой. Үгүй бол энэ нь аль альд нь хохирол болох тал бийг харуулж байна. Бидэнд ийм жишээ захаас аваад зөндөө л байдаг.
Тэгвэл сэтгэх, магадлах гэдэг маань мааш чухал болж таарав. Түүнгүйгээр итгэл гэж үгүй хэлчихвэл болохоор юм шигээ? Та юу гэж бодно вэ?
Итгэлийг маань алдахгүй нэгэн байж болох  ч сэтгээд магадлаад найдчихвал сэтгэл дүүрэн байх билээ.
Сударт: Би байвч чи үгүйд өнчин гэжээ. Ихэр элгэн мэт андууд Итгэл дунд сум тавихгүй  гэнэ.
Өнчирч ганцаардахыг хэн хүсэх вэ? Бид орчлонгийн жамаар хамтаар амьдарч, найзалж нөхөрлөн, түмэн олонтойгоо, өнөр олуулаа, сэтгэл дүүрэн байхын тулд хэн хэндээ итгэж найдах нь өмнөх замаа өөдрөгөөр харах мэлмий юм болов уу.Тиймд энэ хамтдаа урагшлан дүүлэх итгэлийг дүүргэх найдвараа үл гээхийн төлөө өнөөдөр магад үнэнээр сэтгэх нь зүйтэй юм байна гэж ухан бодном.
Тэгвэл үнэний зам мөр маань бидний итгэл юм болов уу?
Бид хүүхдүүдээ итгэж, тэд маань ээж аавдаа итгэн, эмээ өвөө, ах дүүс, садан төрөл гээд л бүгд л итгэл сэтгэл гэдгээр холбогдон анд нөхдүүд, танил олон ч бие биентэйгээ итгэл хэмээх үл үзэгдэх холбоосоор холбогдон байдаг билээ. Иймд тэрхүү холбоосоо улам бэхжүүлэх нь гагцхүү өөрсдөөс маань шалтгаалж байгааг ухаарах нь зүй болов уу.
Нэгэнт итгэл найдвар тавихын өмнө  магадлан шалган түүний дараа хэрхэхээ сэтгэн бодох нь бас л чухал Эр ДЭМ болох нь.            

Wednesday, January 14, 2015

Үндсэн хуулийн талаар

Эрт урьд цагт ч гэнэ энэ цаг үед ч гэнэ.
Алтан наран ээж алаг дэлхийн амьтай бүхэнд ав адилхан ээнэ. Гэтэл хэн бүхэнд адил ээхэд гомдол гаргах нэгэн байв. Халууцаж байна. Хэцүү байна. Наршиж байна. Ам хатаж байна гээд л. Гэвч алтан наран ээдгээрээ л ээнэ. Зарим нь даарч байна. Хөрч байна гэх. Олон амнаас олон янзын санаа гарна. Гэвч алтан наран ээхийг яалтай. Хэн хүний хүсэлд үл захирагдана. Хорвоогийн бүхий л амьд амьтад элч дулаанаа авч, энэрэл хайрыг нь хүртэнэ. Даарсан нэг нь дулаацаж, хайсан нэгнээ олж, гэрэл гэгээнд нь талархах нэгэн нь талархаж, түлэгдэх нэгэн нь түлэгдэж, хайрагдаж, тунгаагдан шүүгдэнэ. Сүүдэр бараадан сэрүүцэвч, наран ээжийн халуун элчийг хүртэнэ. Хаачивч зуртах аргагүй. Орчлонгийн жамаас.
Сударт: Их багыг ижилхэн ээх Илчит наран мэт ёс дутав.
Бидний амьдралд байдаг энэ бүхэн юуг сануулан байна вэ?  Энэ алтан нарны гэрэлд зарим нь зохицоод, эвсээд амьдарна. Зарим нь нуугдаж ган зуд боллоо гэж нарыг зүхэж, зарим нь үйлийн үр хэмээн хүслээ тэвчин аргадана.
Бид хууль дүрмээ даган мөрдөж, зугтан зайлж, өөрийгөө хуулийн дээр мэтээр сэтгэн авилгал өгөх зэргээр янз бүрийн ааш гаргадаг. Өөр өөрийн эрх ашгийн төлөө уландаа гишгэх нь энүүхэнд. Тэгэхээр бүгдийн сэтгэлд нийцсэн хууль гэж байдаг болов уу?
Хүн бүхэн өөрийн хүссэнээ тулган байвал тэр бүхнийг тусгаж чадах уу?
Олон хүн сайнтай муутай, Уулын мод өргөнтэй урттай гэж манай ард түмэн ярьдаг. Тэгэхээр хуулийг юуны тулд яах гэж, яагаад гаргадаг юм бол? Хэн бүгдийн төлөө байх, амар амгалан, сайн сайхан амьдрахыг бий болгох хуулийг хэрхэн бий болгох бол?
Нэгэнт бид Наран ээжийнхээ гэрэл гэгээ дулааныг зайлшгүйг хүлээн зөвшөөрч, түүнд таарч тохирсон хууль дүрэм гаргаж, мөрлөж явсан нь мандан бадарч хүлээн зөвшөөрөхгүй нь сүйрэн унах тавиланг өвгөдийн олсон ололт, алдсан алдаа бүхэн сануулан байхад түүнийг санан сэрэх сэрүүлэг тун ч чухал юм байна. Үгүй бол уруудан уруудсаар хохиролоо Наран ээжийн өнгөт гэрэлд ч олж харахааргүй болсон нь өнөөгийн бидний амьдрал харуулаад байх. Энэ бүхэн аль ч цаг үед байж л байсан.
Аливаа зүйл тордож, зүлгэж, сануулж байхгүй бол мартагдан мартагдсаар ор мэдэхгүй мэт болдогийг бид тод харж мэдэрч, ухаарч байна.
Амьдралд бүрэн нийцсэн хуультай байсан бид өнөө хүлээн зөвшөөрөх битгий хэл ухаарах сэтгэхүй үгүй болтолоо мартаж, өөрсдийн мухар тархиндаа нийцсэн хууль дүрэм гаргаад ч түүнийгээ  бүрэн таньж мэдэхгүй л яваа шүү дээ.  Энэ нь харийнхан  бидний гаргасан хууль дүрмээр өөрсдийг маань хөнгөхөөн залгичих хэмжээний болчихсонг сонсож л байна. Энэ нь Эзэн хааны маань хэлсэнчлэн өөрийн өөдгүйн боол хөндлөнгийн идэш болж буйг бүрнээ харуулж байх. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг.
Хөх толбот, эх дэлхийн хүйг хамгаалагч элэг зүрх нь болсон үрс бид өвгөд буурлуудынхаа  мандан бадарч  явсан үеийг өр зүрхнийхээ сэрүүлэг,  болгон өвлүүлж үлдээсэн өв бүхнийг санан  санан, бодон бодон, сэрэн сэрэн, явсан туулсан мөрөөр нь тууштай тулж алхваас хүрэх алсын зам маань дардан байх болов уу.
Тэгэхээр амьдралд бүрнээ таарсан хууль гэдэг нь урт удаан, саад бартаагүй дардан замыг бий болгодог юм болов уу?
Хэрэглэж байж сая ИХ ЗАСАГ.


Friday, January 2, 2015

Үлгэр 2

Эрт урьдын цагт гэнэ
Элгэн түмний үед гэнэ
Энэ насны эхэнд гэнэ
Эвлэг дууны түрүүнд гэнэ
Хоо үнэнээр замнах гэнэ
Хоолойн солонго татахад гэнэ
Хойшлох түүхийн эхэнд гэнэ
Хойин чонос нохосын үед
Хорвоогийн танин мэдэхүйн заагт
Хонгор сэвлэг задран байхуйд
Хонхны дуунд зүүд эргэв
Эхийн сэтгэлд үнэн зангирч
Ээлэг чимээ хотлоор түгэхүйд
Эвч санаанд орчлон уярч
Эрчим болон биед шингэмүй
Зэргэлээ тодрох болов гэнэ
Зүрх уярах болов гэнэ
Зүүд амилах болов гэнэ
Зөн замнах болов гэнэ
Хаа холоос биш хажуудах гэнэ
Харц бүхний чихэнд гэнэ
Хайраар дэмнэх бодолд гэнэ
Хамсан хүрээлэх нөхдөд гэнэ
Алдалгүй атгах атганд гэнэ
Айлсан буух түмэнд гэнэ
Ам арын мэндэнд гэнэ
Айзам хөг аялгуунд гэнэ

Орчлонд түгмү

Долоон бурханд хүсэл шивнэн
Долгион юуг нь хүлээн өвөрлөхөд
Эрчим юугаараа тэтгэн дэмнэн
Эвлэхүйг түгээн сэтгэлд шингээнэ
Энэ биендээ хөглөн аялгуулахад
Эх үүсгэлд зүтгэл тодорч
Энх мэндийн бат нотолгоо
Эхээс үрд шингэн уусмой
Шингэх тусам зүүд биелж
Шинэхэн цас мэт гялалзан байхуйд
Үлдээх мөр тодоор харагдаж
Үйлс болон орчлонд түгмү

Шинэ гэж үү

Шинэ гэж үү сайтар ухан ойлговол зэ
Шилжин буй тоос чийг хий дэнсний хуулиар
Шивнэн хэлэх сэтгэл зүрхний дуудлагаар
Шижир мэт тодрон гялтганах таны хувь 
Шөнөөс өдөрт, өдрөөс мөчдөд
Мөчдөөс оддод түгнэм шүү
Тосон авбал хувь ерөөл бадарч
Тогтохуйн зам оршихуйн жамаар жигдэрч
Хөх бүхний голчоор түгэхүйд зорилгоор тааран
Хүсэл тань бүхний дээдэд нэгдэж
Хүрээ юунд алхам нэмэн түрэн уухайлнам за