"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Wednesday, August 28, 2013

Аврал

Хөх Тэнгэрээс заяах
Эрчим бүрийн зам
Хүрэх газраа хүрээд 
Эргээд буцах үед
Энэрэхүйн долгион эргэлдэж
Ивээхүйн учигт зангилаа
Хором хормоор холдож
Хүсэл юуг чангаана. 
Алдхан биений хайраар 
Агуулах эрчимтэй холбогдож
Аргадах сүүлчийн учиг
Алхам алхамаар дэлгэрэв үү
Ухаант үрсийн түлхүүрээр
Учиг зангилаа тайлагдана
Уучлалт эсвэл устгалын
Урдах сонголт тодорно
Хүрэх зам хол ч
Ивээх зам богино
Хүрээгээ нэгэнт тэлсэнээс
Тодрох түүх давтагдана

Эрчим

Оддын эрчим оройгоор ороход
Оломлох хөх ертөнцийн түүчээнд
Ололт нууцыг агуулах хүрдэн
Орчлонгийн гэгээнд уусан байхуй
Хүрэх алсаас эргэн эргэн
Хүний нүдний өмнө цэлийвч
Хүрч авах учиг зангилаанд
Хүсэл зүтгэл нэмэр болно
Эвээр учиглах долгион юунд
Эргэлдэх нэгэн хүрдэн буй за
Эвлэг үгсийн шидэт зангилаанд
Эртний түүхийн учиг эргэмүй

Бүү саад бол

Өвөг Дээдээ залж
Өндөрт өргөж явах
Балчир үрс бид
Бусдад буруутгагдаж
Илүү харагдаж
Дутуу санагдаж
Санаагаа чилээж
Сэтгэлээ зогоож
Сайн цагийг үзнэ гэж
Ах дүүс, амраг садандаа
Аль муугаар хэлүүлэн явах гэж үү дээ
Сэтгэл минь өвдөж
Зүрх минь зүсэгдэнэ
Хань ижил нь юм бол
Хайртай үр нь юм бол
Амраг хань нь юм бол
Алагхан энэ Дэлхийд
Алхлан хамт яваа юм бол
Юуны учир илүү үзнэ вэ
Хэнээс бид дутуу гэж
Эх болсон Эх Дэлхийн төлөө
Элгэн садан түмнийхээ төлөө
Алагхан Дэлхийн Ард түмний төлөө
Алдхан биеээ үл хайрлан
Хичээн байж, зүтгэн байж
Зорин байж, хүсэн байж
Зорьсон үйлэндээ шамднам бусуу
Юугаар дутаж явна вэ гэж
Юуны учир зүрхийг нь зүснэ вэ
Бид хийхгүй бол
Өөр хэн хийж байна вэ
Алагхан Дэлхийд төрсөн
Учир утгаа олсон бид
Хийх үйлээ хэнээр ч заалгахгүй
Хийх л болно, бүтээх л болно
Ядаж урмаар дэмнэхгүй байж
Бүү саад бол
Бүү сэтгэлийг нь гундаа