"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Wednesday, January 14, 2015

Үндсэн хуулийн талаар

Эрт урьд цагт ч гэнэ энэ цаг үед ч гэнэ.
Алтан наран ээж алаг дэлхийн амьтай бүхэнд ав адилхан ээнэ. Гэтэл хэн бүхэнд адил ээхэд гомдол гаргах нэгэн байв. Халууцаж байна. Хэцүү байна. Наршиж байна. Ам хатаж байна гээд л. Гэвч алтан наран ээдгээрээ л ээнэ. Зарим нь даарч байна. Хөрч байна гэх. Олон амнаас олон янзын санаа гарна. Гэвч алтан наран ээхийг яалтай. Хэн хүний хүсэлд үл захирагдана. Хорвоогийн бүхий л амьд амьтад элч дулаанаа авч, энэрэл хайрыг нь хүртэнэ. Даарсан нэг нь дулаацаж, хайсан нэгнээ олж, гэрэл гэгээнд нь талархах нэгэн нь талархаж, түлэгдэх нэгэн нь түлэгдэж, хайрагдаж, тунгаагдан шүүгдэнэ. Сүүдэр бараадан сэрүүцэвч, наран ээжийн халуун элчийг хүртэнэ. Хаачивч зуртах аргагүй. Орчлонгийн жамаас.
Сударт: Их багыг ижилхэн ээх Илчит наран мэт ёс дутав.
Бидний амьдралд байдаг энэ бүхэн юуг сануулан байна вэ?  Энэ алтан нарны гэрэлд зарим нь зохицоод, эвсээд амьдарна. Зарим нь нуугдаж ган зуд боллоо гэж нарыг зүхэж, зарим нь үйлийн үр хэмээн хүслээ тэвчин аргадана.
Бид хууль дүрмээ даган мөрдөж, зугтан зайлж, өөрийгөө хуулийн дээр мэтээр сэтгэн авилгал өгөх зэргээр янз бүрийн ааш гаргадаг. Өөр өөрийн эрх ашгийн төлөө уландаа гишгэх нь энүүхэнд. Тэгэхээр бүгдийн сэтгэлд нийцсэн хууль гэж байдаг болов уу?
Хүн бүхэн өөрийн хүссэнээ тулган байвал тэр бүхнийг тусгаж чадах уу?
Олон хүн сайнтай муутай, Уулын мод өргөнтэй урттай гэж манай ард түмэн ярьдаг. Тэгэхээр хуулийг юуны тулд яах гэж, яагаад гаргадаг юм бол? Хэн бүгдийн төлөө байх, амар амгалан, сайн сайхан амьдрахыг бий болгох хуулийг хэрхэн бий болгох бол?
Нэгэнт бид Наран ээжийнхээ гэрэл гэгээ дулааныг зайлшгүйг хүлээн зөвшөөрч, түүнд таарч тохирсон хууль дүрэм гаргаж, мөрлөж явсан нь мандан бадарч хүлээн зөвшөөрөхгүй нь сүйрэн унах тавиланг өвгөдийн олсон ололт, алдсан алдаа бүхэн сануулан байхад түүнийг санан сэрэх сэрүүлэг тун ч чухал юм байна. Үгүй бол уруудан уруудсаар хохиролоо Наран ээжийн өнгөт гэрэлд ч олж харахааргүй болсон нь өнөөгийн бидний амьдрал харуулаад байх. Энэ бүхэн аль ч цаг үед байж л байсан.
Аливаа зүйл тордож, зүлгэж, сануулж байхгүй бол мартагдан мартагдсаар ор мэдэхгүй мэт болдогийг бид тод харж мэдэрч, ухаарч байна.
Амьдралд бүрэн нийцсэн хуультай байсан бид өнөө хүлээн зөвшөөрөх битгий хэл ухаарах сэтгэхүй үгүй болтолоо мартаж, өөрсдийн мухар тархиндаа нийцсэн хууль дүрэм гаргаад ч түүнийгээ  бүрэн таньж мэдэхгүй л яваа шүү дээ.  Энэ нь харийнхан  бидний гаргасан хууль дүрмээр өөрсдийг маань хөнгөхөөн залгичих хэмжээний болчихсонг сонсож л байна. Энэ нь Эзэн хааны маань хэлсэнчлэн өөрийн өөдгүйн боол хөндлөнгийн идэш болж буйг бүрнээ харуулж байх. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг.
Хөх толбот, эх дэлхийн хүйг хамгаалагч элэг зүрх нь болсон үрс бид өвгөд буурлуудынхаа  мандан бадарч  явсан үеийг өр зүрхнийхээ сэрүүлэг,  болгон өвлүүлж үлдээсэн өв бүхнийг санан  санан, бодон бодон, сэрэн сэрэн, явсан туулсан мөрөөр нь тууштай тулж алхваас хүрэх алсын зам маань дардан байх болов уу.
Тэгэхээр амьдралд бүрнээ таарсан хууль гэдэг нь урт удаан, саад бартаагүй дардан замыг бий болгодог юм болов уу?
Хэрэглэж байж сая ИХ ЗАСАГ.


No comments:

Post a Comment